Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2024 оны хоёрдугаар сарын 7-8-ны өдрүүдэд Монгол Улсад төрийн айлчлал өнөөдөр эхэлж байна. Талууд албан ёсны уулзалт хийж, харилцаа, хамтын ажиллагаа, түншлэлийн түвшинг ахиулах талаар ярилцахаар төлөвлөжээ.
Айлчлалын үеэр хоёр орны холбогдох яам, байгууллагууд эрчим хүч, тээвэр, боловсрол, байгаль орчин, хууль, эрх зүй, археологийн салбарын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурна. Монгол Улс, ХБНГУ-ын хооронд 1974 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр дипломат харилцаа тогтоосон бөгөөд түүхт 50 жилийн ой энэ онд тохиож байна.
Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэр 2014 онд Гадаад хэргийн сайдын хувиар Монгол Улсад айлчилж байсан. Өдгөө 68 настай тэрбээр 2017 оноос хойш ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж буй. Ф.В.Штайнмайэр 1956 оны нэгдүгээр сарын 5-нд Дэтмольд хотод төрсөн. Жирийн гэр бүлээс гаралтай тэрбээр хуулийн чиглэлээр докторын зэрэг хамгаалжээ. 1975 онд Социал-демократ нам /СДН/-д элсэж, улс төрийн салбарт хүч сорьж эхэлсэн. 1998 онд СДН эрх баригч нам болсноос хойш Төрийн нарийн бичгийн дарга, Канцлерын хэрэг эрхлэх газрын дарга, Гадаад хэргийн сайдаар ажилласан. 2009 онд Ф.В.Штайнмайер канцлерын сонгуульд Ангела Меркельтэй өрсөлдөж, ялагдсан түүхтэй.