Хүрээлэн буй орчныг хамгаалах, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ЦЕГ-ын Экологийн цагдаагийн алба шинжлэх ухааны үндэслэлгүй, баримтгүй, ташаа мэдээллийг албан ёсны цахим хуудсаараа түгээснийг шавж судлаач залуу шүүмжлэв. Тус албаныхан иргэд, олон нийтэд экологийн боловсрол олгох зорилгоор Монгол орны байгаль, зэрлэг амьтантай холбоотой мэдээ, мэдээллийг фэйсбүүк хуудсаараа дамжуулан түгээдэг. Энэ сарын 1-нд уламжлал ёсоороо “Махаон дэвүүр” хэмээх нэртэй, Монгол орны “Улаан ном”-д орсон гэх махчин эрвээхэйг танилцуулсан нь судлаач залууг бухимдахад хүргэв. Тэрбээр “Махчин эрвээхэй Монголд байтугай дэлхийд байх боломжгүй. Авгалдайн шатандаа махчин амьдралтай зүйлүүд бий. Гэхдээ энэ нь нийт хайрсан далавчтаны багийн төлөөлөгчдийн ердөө нэг хувийг эзэлдэг. Монгол орны биологийн төрөл зүйлийн талаар мэдээлэл хүргэж байгаа нь сайшаалтай ч хиймэл оюун ухаан (AI) ашиглан бүтээсэн худал зураг, зохиогчийн эрхгүй нийтлэл, дүрс ашиглаж буй нь тун зохимжгүй үйлдэл” гэсэн юм. Ингэж шүүмжилсний дараа Экологийн цагдаагийн албаныхан махчин шавжийн талаарх мэдээллээ устгасан байв.
Тэд өмнө нь амьтдын зургийг эндүүрч оруулсан хэмээн судлаачдаас “банга хүртэж” байсан юм. Энэ удаа бүр ч ноцтой алдаа гаргалаа. Байгаль хамгаалах, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, 270 гаруй мянган дагагчтай цахим хуудас хөтөлдөг байгууллага ийм хариуцлагагүй, хайнга байж болох уу даа.
Бэлтгэсэн Н.Мишээл