Улаанбаатар хот шинээр 600 гаруй автобус урд хөршөөс авахаар болоод буй ч тэдгээрийн талаас илүүг нь жолоодох хүн одоогоор байхгүй. Өөрөөр хэлбэл, нийтийн тээврийн компаниудад 300 гаруй жолооч дутагдах төлөвтэйг нийслэлийн ЗДТГ-аас мэдээлж байв. Эл асуудлыг шийдэхийн тулд хэд хэдэн чиглэлээр арга хэмжээ авахаар болжээ. Юуны өмнө нийслэлийн өмчит автобусны компанид ажиллаад тэтгэвэрт гарах тохиолдолд жолоочид 24 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох зохицуулалт хийхээр болсон гэнэ. Мөн нийслэлийн Хөдөлмөр, халамжийн газар болон дүүргүүдийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст ажил хайж бүртгүүлсэн, В, С ангиллын жолооны эрхтэй хүмүүсийг “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын Сургалтын төвд бүртгэхээр шийдвэрлэсэн байна. эднийг автобусны мэргэшсэн жолоочийн сургалтад үнэгүй хамруулах аж.
Мөн жолооч нарын цалинг сарын 3.5 сая төгрөг болгож, хоёр ээлжээр ажиллах нөхцөл бүрдүүлэх үүргийг нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар холбогдох албаныханд өгсөн гэв. Тэрбээр “Гуравдугаар сарын 15 гэхэд үйлчилгээнд гаргаж буй автобусны тоог 1200-д хүргэнэ. Өмнө нь татвар төлөгчдийн мөнгөөр авсан автобусыг хувийн компанид үнэгүй өгдөг байсан. Тэгвэл энэ удаа төлбөртэй, эргэн төлөгдөх нөхцөлтэй өгсний үр дүнд Нийтийн тээврийг хөгжүүлэх санд таван тэрбум төгрөг төвлөрүүлээд байна. Энэ тоо оны эцэст 25 тэрбум төгрөг болно. Дээрх мөнгийг автобус авах, таксины үйлчилгээний төрөл, хэлбэрийг нэмэгдүүлэхэд зарцуулна. Зургаадугаар сар гэхэд дунд оврын автобусны тендер зарлаж, хотын захын чиглэлд явуулна” гэж өчигдөр нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр ярьсан байна.