Жил бүрийн элсэлтийн ерөнхий шалгалтын өмнө монгол хэл, бичгийн шалгалтыг төгсөгч бүрээс авдаг уламжлалтай. Энэ нь их, дээд сургуульд элсэх босго болдог. Тодруулбал, монгол хэл, бичгийн шалгалтад 400-гаас дээш оноо авч чадаагүй тохиолдолд их, дээд сургуульд элсэх боломжгүй юм. Ирэх хичээлийн жилд их, дээд сургуульд элсэх сурагчдаас дөрөвдүгээр сарын 6-ны 10.00-11.40 цагт монгол хэл, бичгийн шалгалт авах товыг Боловсролын үнэлгээний төвөөс гаргажээ. Шалгалтад оролцогчдыг энэ сарын 15-наас эхлэн eyes.eec.mn цахим хуудсаар бүртгэх гэнэ. Харин элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийг хэзээ эхлүүлэх нь одоогоор тодорхойгүй бөгөөд товыг удахгүй зарлана гэдгээ дээрх байгууллагаас мэдээлсэн юм. Өнгөрсөн онд хоёрдугаар сарын 6-нд бүртгэлийг эхлүүлж байсан билээ.
Ташрамд дурдахад, ерөнхий боловсролын сургалтын чанарыг сайжруулах зорилгоор манайх 2025 онд олон улсын PISA үнэлгээнд хоёр дахь удаагаа хамрагдахаар болжээ. Үүний хүрээнд “PISA-2025” олон улсын сурлагын амжилтын судалгааны турших шалгалтыг ирэх дөрөвдүгээр сарын 8-наас эхлэн сарын хугацаанд 29 сургуулийн 2000 гаруй сурагчаас авах аж. Турших шалгалтад оролцох сурагчдыг PISA үнэлгээний жишгийн дагуу түүврийн аргаар сонгох юм байна.
Бэлтгэсэн Ч.Зул