Манай улсад барилгын норм дүрэмд ашиглагдаж байсан газар хөдлөлтийн ерөнхий мужлалын анхны зургийг манай эрдэмтэн судлаачид ЗХУ-ын эрдэмтэдтэй хамтран 1983 онд зохиожээ. Тэр үеэс хойш өнгөрсөн 30 гаруй жилийн хугацаанд судалгааны техник, технологи нэн хурдацтай хөгжиж, орчин үеийн тоон бичлэгтэй станцуудыг ашиглалтад оруулж, газар хөдлөлтийн мэдээллийн санг өргөжүүлсэн байна. Мөн бүс нутгийн газар хөдлөлтийн идэвхжилт, неогеодинамик, орчин цагийн тектоник хөдөлгөөн, хүчтэй газар хөдлөлтийн идэвхтэй хагарлуудын талаар шинэ мэдлэгийг хуримтлуулжээ.
Монгол орны нутаг дэвсгэрийн сейсмотектоникийн зургийг боловсруулах шинжлэх ухаан, технологийн төслийг академич С.Дэмбэрэл удирдагчтай эрдэмтэн судлаачдын баг 2016-2018 онуудад шинжлэх ухаан технологийн төслийн хүрээнд гүйцэтгэсэн. Улмаар Монгол орны газар хөдлөлтийн ерөнхий мужлалын 1:1000000 масштабтай зургийг шинэчлэн боловсруулж гаргажээ.
Хүчтэй газар хөдлөлтийн идэвхтэй хагарлуудыг судлах чиглэлээр Монголын болон гадаадын эрдэмтэн судлаачдын урьд өмнө хийж гүйцэтгэсэн судалгааны ажлуудыг нэгтгэн боловсруулж, газар хөдлөлтийн аюулын үнэлгээний судалгааны ажлыг магадлалт болон суурь үнэлгээний аргаар гүйцэтгэсэн байна. Мөн Монгол орны газар хөдлөлтийн идэвхтэй хагарлууд, газар хөдлөл судлалын чиглэлээр мэдээллийн нэгдсэн сан бий болгожээ.
Энэхүү ажлын үр дүнд газар хөдлөлтийн аюул, болзошгүй гамшгийн эрсдлийг үнэлэх, түүнээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөө боловсруулах, газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд барилга байгууламж барих норм дүрэм боловсруулах, хот төлөвлөлтийн асуудлыг оновчтой шийдвэрлэх зэрэг ажлуудын суурь мэдээлэл болох юм.