Улсынхаа нийслэл, нийгэм, соёл, аялал жуулчлал, эдийн засгийн төв цэг болсон дэлхийн их хотууд төлөвлөлтөө ухаалгаар хийж, хүнд ээлтэй, өөрийн гэсэн өнгө төрхтэй сууринг бий болгодог аж. Ингэхдээ газар зүйн байршил, уур амьсгалын онцлог, орон зайн хэмжээ, дэд бүтэц, инженерийн шугам сүлжээний хангамж, түүх, соёлын өгөгдөл, ирээдүйн амбиц гээд олон хүчин зүйлийг харгалзан хөгжлийн үзэл баримтлал, төлөвлөгөөгөө боловсруулж, үүнтэйгээ уялдуулан бүтээн байгуулалтуудыг хийдэг гэнэ. Харин тэдний нэгэн адил их хотын ангилалд багтсан Улаанбаатар хамгийн замбараагүй, эмх цэгцгүй, муу төлөвлөлттэй, өнгө үзэмжгүй нийслэл гэж цоллуулах болзлыг хэд дахин давуулан биелүүлчхээд байна.
Төлөвлөлтийн чанд бодлого, үзэл баримтлалтай хот өөрийн гэсэн өнгө төрх, дизайнтай байдаг аж. Өөрөөр хэлбэл, хотынхоо түүх, соёл, газар нутаг, уур амьсгалын онцлог, иргэдийн амьдралын хэв маяг зэрэгт нийцүүлэн онцлог хэв шинж бүхий имижийг бүрдүүлэн, хадгалахыг зорьдог гэнэ. Тиймээс ганц барилга, байгууламж барихдаа ч маш хянамгай, хариуцлагатай хандаж, өнгө, хийц загвар зэрэгт нь өндөр шаардлага тавьдаг байна. Ялангуяа хотын нүүр царай болсон төвийн бүс, аялал жуулчлалын болон түүхэн дурсгалт барилга, байгууламж бүхий газар, нийтийн эзэмшлийн гудамж, талбайдаа маш хүндэтгэлтэй, болгоомжтой ханддаг бөгөөд алгын чинээ газрыг тохижуулахдаа ч, сандал, ширээ, сүүдрэвч зэргийг байршуулах төдийхөнд ч гоо зүй, хэрэглээ, аюулгүй байдал талаас нь олон хүчин зүйлийг харгалздагийг нэгэн мэргэжилтэн хэлсэн юм. Харин өнөөгийн Улаанбаатар хотод өөрийн гэсэн өнгө төрх, амин сүнс алга. Барилга, байгууламжууд нь өнгөний цуглуулга шиг эрээн мяраан, энд тэндээс бөөгнүүлж авчирсан аятай өндөр, нам. Зохицол, нийцэл гэдэг зүйл ер үгүй.
Ийм олноос “онцгой” хотыг бүтээхэд нийслэлийн үе үеийн удирдлага, ерөнхий архитектор, хот төлөвлөлт, байгуулалт, хөгжил, газрын асуудал хариуцсан байгууллагууд ихээхэн “хувь нэмэр” оруулсан. Тэд Улаанбаатар хотын аль ашигтай, сул зай болгоныг барилгын компаниудад худалдаж, цементэн ширэнгэ болгох замд нь хөтөлсөн юм. Нийслэлийн амин сүнс болсон түүхэн дурсгалт барилгуудыг өшөөтэй юм шиг нурааж, сүйтгэсэн. Харин одоо гүүр, гүүрэн байгууламж барих, соёлын байгууллагуудын барилгыг өргөтгөн шинэчлэх, зам, талбайг тохижуулах нэрийдлээр энд тэндгүй үзэмжгүй “юм” босгодог моод дэлгэрүүлэв.
Улаанбаатарт хоёрхон байсан неоклассик загварын түүхэн барилгын нэг болох Байгалийн түүхийн музейг (нөгөөх нь болох СЭЗИС-ийн хичээлийн байрыг ч буулгачихсан) буулгаж, суурин дээр нь “Чингис хаан” хаад, язгууртны музейг байгуулсан. Энэ нь хотын төв хэсэгт, Төрийн ордныг тойрон байрлах түүхэн дурсгалт барилгуудын гинжин хэлхээ бүхий нийцлийг тасалсан, орчиндоо зохицоогүй, дизайн муутай, бартаг бүтээн байгуулалт болсныг музейг ашиглалтад оруулах үеэр мэргэжлийн хүмүүс шүүмжилж байв. Тэгвэл өдгөө Үндэсний төв номын сангийн байрыг өргөтгөн шинэчлэх нэрийдлээр АНУ-ын ЭСЯ-ны хажууханд 11 давхар үнсэн саарал барилга босгочихоод байна. Муухан худалдаа, үйлчилгээний төвөөс ч ядруу хийц загвартай, соёл, боловсролын үйлчилгээний байгууллага гэхэд саруулхан орон зай, томхон цонх ч үгүй уг барилгыг олон нийт гяндантай зүйрлэн шүүмжилж эхлэв. Хот төлөвлөлтийн чиглэлээр ажилладаг нэгэн бүсгүй “Ийм сэжгийн дизайнаар нийслэлийн өнгө үзэмжийг гутаахаа болиосой” хэмээн бухимдлаа илэрхийлсэн юм.
Нисэх, Яармаг чиглэлийн зорчих хөдөлгөөний урсгалыг сайжруулах нэрийдлээр “Хүннү молл” худалдааны төвийн орчимд хоргодох байр аятай нүхэн гарц байгуулаад буй. Албаны хүмүүсийн үзүүлсэн аятайхан зураг төсөл амьдрал дээр буухдаа “дүрээ хувирган” дэндүү болхи болсон байв. Гэрэл, цахилгааны утсууд нь ил задгай харагдсан, жаахан хүүхдээр хийлгэсэн аятай халтар, халцархай будагтай нүхэн гарц ашиглалтад ороод удаагүй байхдаа усанд автаж, авах юмгүй болсон билээ. Тэгвэл үүний орыг залгамжлах бас нэг “хурц шийдэлтэй” гүүрэн гарцыг “Алтай” хотхон, “Нарны хороолол”-ыг холбох зорилгоор барьсан нь энэ өдрүүдэд ёгтлол, шүүмжлэлийн бай болж байна.
Түүх соёлын үл хөдлөх дурсгалын жагсаалтад орох болзлыг хангасан УДЭТ-ын барилгын өмнөх талбайг тохижуулах нэрээр өнгөрсөн зун өмнө нь баахан цемент “овоолох” гэж үзлээ. Шашин, соёлын дурсгалт газарт тооцогддог Чойжин ламын сүм музейн ойр орчмыг тохижуулах талаарх яриа өнгөрсөн хугацаанд хэдэн ч удаа гарав. Хойд талынх нь зогсоолыг нийтийн талбай болгож тохижуулсан нэртэй хоёр, гуравхан сандал байршуулаад орхисон байна билээ. Энэ мэтчилэн дурдвал хотын өнгө үзэмжийг гутаасан, оромдож хийсэн, хэрэгжүүлэхээр завдсан бүтэлгүй ажил өчнөөн. Польш улсын Ерөнхийлөгчийн айлчлалтай зэрэгцэн Төрийн ордныхоо хашааг ногоон өнгөөр будаж, “онцгойрсон” хүмүүс шүү дээ, бид. Өдгөө нураагаад буй “Урт цагаан”-ы суурин дээр юу босгох бол гэхээс харамсал, халаглал төрнө.
Барилга, байгууламжийн загвар, өнгөний хослол нь хотын үзэмжийг сайжруулаад зогсохгүй иргэдийн сэтгэл зүйд хүртэл өдөр тутам нөлөөлдөг гэнэ. Тиймээс энэ хоёрын зохицлыг тааруулахдаа тодорхой онол, зарчмуудыг баримталдаг байна. Архитектор, хот төлөвлөгч, инженер залуусыг эгнээндээ нэгтгэсэн “Бүтээлч-100” холбоог үүсгэн байгуулагч Э.Золзаяа “Хотын дизайныг уран сэтгэмжээр биш, онол, зарчмуудад тулгуурлан гаргадаг. Хот төлөвлөлтийн мэргэжилтнүүд онолд тулгуурласан зарчмуудыг хэрэгжүүлдэг. Явган хүнд зориулсан замыг төлөвлөхдөө аюулгүй, хүртээмжтэй байдал, гоо зүй (дизайн), ногоон байгууламжийн хэрэгцээ, олон төрлийн зорчих хэрэгсэл ашиглах боломж, гудамжуудын холболт гэсэн хамгийн энгийн найман зарчмыг баримталдаг” гэлээ. Хот төлөвлөлт гэдэг ямар ярвигтай, нарийн зүйл болохыг эндээс баримжаалж болно.
Хот тохижилтын ажлуудыг олон нийт болон мэргэжлийн хүмүүсийн оролцоотойгоор хийдэг жишиг олон улсад түгээмэл аж. Тодруулбал, иргэдийн оролцоотойгоор нийгмийн хэрэгцээ шаардлага, шийдлүүдийг нь тодорхойлж, мэргэжилтнүүдийн дэмжлэгээр тэр бүхнийг ажил хэрэг болгодог. Харин манайд бол мэргэжлийн хүмүүсийг хот, нийтийн ажилд тэр бүр оролцуулдаггүй учраас өнөөдүүл нь шүүмжлэгч төдий болж хувирчхаад байгаа юм. Шүүмжлэхээс ч аргагүй шүү дээ. Дээрх мэргэжилтэн гэхэд “Улаанбаатарт 100 метр газарт ч тайван, чөлөөтэй алхах боломжгүй. Хөгжлийн төлөвлөгөө, үзэл баримтлалгүй, халтар хот” хэмээн шогширч байлаа. Өөр нэг дизайнер “Манай хотын өнгө төрх, төлөвлөлт үсгийн цуглуулга шиг болоод удаж байна” гэж халагласан. Нээрэн л Улаанбаатар маань “сайн дурын уран сайханчид”-ын ачаар их хотын жишигт нийцэмгүй эрээвэр хураавар, өнгө үзэмжгүй хот болчихлоо.
Хүн амынхаа тоогоор дэлхийд наймдугаарт, БНСУ-даа тэргүүлдэг Сөүл уламжлал, шинэчлэлийг тэнцвэртэй хадгалсан төлөвлөлттэй, байгальд, иргэддээ ээлтэй зохион байгуулалттай гэдгээрээ метрополитан хотуудын дунд онцгой байр суурь эзэлдэг аж. Мөн нийтийн тээврийг сайн хөгжүүлсэн, автобус, метроны үйлчилгээг оновчтой уялдуулсан байдлаараа бусдад үлгэрлэдэг байна. Тус хотын бүтээн байгуулалт, төлөвлөлтөд 30 гаруй жил гар бие оролцсон, Сөүлийн үндэсний их сургуулийн профессор Ли Ин Гын “Сөүлийн хүн ам, эдийн засаг ид бужигнан хөгжиж байх үед бид дэд бүтэцдээ түлхүү анхаардаг байлаа. Харин одоо байгальд ээлтэй, түүхийн өв дурсгалаа нандигнан хайрласан, ухаалаг, тухтай хот бүтээхийг зорьдог болсон” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.
Нидерландын Хаант Улсын Амстердам хот түүхэн дурсгал, орчин үеийн архитектурын шийдлийг амжилттай, оновчтой хослуулсан метрополитануудын нэгт багтдаг гэнэ. Энэ хотод 100 гаруй км үргэлжлэх суваг, үүнийг дагасан том, жижиг 1500 орчим гүүр, усан дээр сүндэрлэсэн зуу зуун барилга, байгууламж бий. Газар зүйн онцлог бүхий байршил, тогтоц нь амстердамчуудад суурьшлын бүс, ялангуяа орон сууцуудаа ухаалаг, оновчтой төлөвлөхөөс аргагүй хатуу сонголтыг тулгажээ. Тэд ч үүнийгээ амжилттай биелүүлж, давчуу орон зайг хэрхэн үр ашигтайгаар төлөвлөж болохыг дэлхий нийтэд үлгэрлэсэн байна. Тиймдээ ч архитекторууд энэ сууринг “Загасчны жижиг тосгоноос Европын соёл, аялал жуулчлалын гүүр болсон хот” хэмээн тодотгодог гэнэ билээ. Дэлхийн хотууд ийм л байдлаар сорилт бэрхшээлийг сөрөн хотоо ухаалгаар төлөвлөж, хүн амьдрахад тааламжтай орчныг бүрдүүлдэг аж.
Нэгэн сонирхолтой баримт дурдахад, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн хэмжээ 4704.4 ам км байгаа нь Сөүлийнхээс 7.7, Амстердамынхаас 21 дахин том талбай юм. Харин Улаанбаатарын хүн ам Өмнөд Солонгосын нийслэлийнхээс 6.6, Нидерландынхаас хоёр дахин цөөн. Үндсэндээ манай нийслэл дэлхийн шилдэг төлөвлөлттэй гэсэн хотуудаас хэд дахин том газар нутагтай ч тэдгээртэй харьцуулшгүй цөөн хүн амтай. Тэгсэн атлаа хэт төвлөрөл, барилгажилтаас үүдэлтэй өч төчнөөн асуудалд ээрүүлчихсэн, иргэд нь эрүүл, аюулгүй орчинд тав тухтай амьдрах эрхээ тултал хязгаарлуулчихсан байна.