Өнгөрсөн баасан гарагт тохиосон Дэлхийн ус, намгархаг газрын өдрөөр Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрынхан ус, намгархаг газрыг орон нутгийн иргэд, байгаль хамгаалагчид хамгаалж, сэргээсэн сайн туршлагуудаас танилцуулав.
Хэнтий аймгийн Баян-Овоо сумын нутаг дахь Хулст нуурыг Хар ямаатын байгалийн нөөц газрын байгаль хамгаалагчид нутгийн иргэдтэй хамтран хашиж, хамгаалснаар сүүлийн гурван жилд усны түвшин нь эрс дээшилж, олон зүйлийн нүүдлийн шувуу өндөглөн зусдаг газар болжээ. Мөн тус аймгийн Бат ширээт сумын иргэд Биндэр нуурыг хүн, малын хөлөөс хамгаалах зорилгоор хашаалснаар зэгс, шагшуурга нь сэргэн ургаж, усны түвшин нь нэмэгдсэн байна. Ойр орчмынх нь газрыг хамгаалснаар эл нуурт 2020-2023 онд жил бүр хоёр хос цэн тогоруу үүрлэж, бүл нэмснийг мэргэжилтнүүд хэлэв.
Өөр нэг жишээ нь Улз гол аж. Голын эх дэх хүлэрт намгархаг газрыг 2021 онд хүн, малын хөлөөс тусгаарлах арга хэмжээ авснаар цэн тогоруу идээшин нутаглах нь олширч, булаг, шанд шинээр ундарч, ойр орчимд нь байсан уст цэгүүд сэргэсэн гэнэ.
Бэлтгэсэн Н.Мишээл