Насанд хүрээгүй гурван хүүхэд тээвэрлэсэн машин сураггүй болжээ. Тодруулбал, Төв аймгийн Баянхангай сум, Хөшөөт багийн "Цэнгээгийн худаг" гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 153 км, сумын төвөөс баруун урд зүгт 30 км/-т суудлын автомашинаар зочиж явсан иргэд сураггүй болсон тухай дуудлагыг 2024 оны хоёрдугаар сарын 04-ний өдрийн 03:08 цагт хүлээн авчээ. Тус дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид очиж Төв аймгийн Баянхангай сумаас Улаанбаатар хотын чиглэлд “Приус-41” загварын суудлын автомашинаар зорчиж явсан иргэн С /48 настай, эрэгтэй/, М /18 настай, эрэгтэй/, Х /13 настай, эрэгтэй/, А /12 настай, эрэгтэй/ нарыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 06:30 цагт тус сумын Хөшөөт багийн "Гэзэггүй-Ар" гэдэг газарт автомашин нь цасанд суусан байсныг олжээ. Гэвч цасанд гүн суусан автомашиныг татан гаргах боломжгүй тул үлдээж, дөрвөн иргэнийг сумын төвд тээвэрлэн хүргэсэн.