Орхоны хөндийд Шинэ Хархорум хот байгуулахтай холбогдуулан 189 мянган га талбайг улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлээд байна. Тодруулбал, Архангай аймгийн Хашаат, Өгийнуур, Өвөрхангайн Хархорин сумын газар нутгийг хамарсан ийм хэмжээний талбайг төр мэдэлдээ авч, шинэ суурьшлын бүсийн зориулалтаар ашиглахаар болсон юм. Үүнтэй холбоотой тогтоолын төслийг Засгийн газар өнгөрсөн сарын дундуур хэлэлцэн баталсан бөгөөд нөлөөлөлд өртөж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын судалгааг нарийвчлан гаргаж, газрыг нь шилжүүлэх, чөлөөлөх нөхөн олговрыг шийдэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгасан. Үндсэндээ Орхоны хөндийд хот байгуулах газраа сонгож, баталгаажуулаад буй гэсэн үг. Харин одоо энэ хэсэг дэх газар ашиглалтын давхцлыг арилгах, чөлөөлөх хамгийн адармаатай, чирэгдэлтэй ажил эхэлж байна.
Улс, нийгэмд чухал ач холбогдолтой бүтээн байгуулалтын томоохон ажил хийх тохиолдолд төр холбогдох хууль, журмын дагуу тодорхой газар нутгийг улсын тусгай хэрэгцээнд авч, хамгаалалтын бүс тогтоодог. Ингэхдээ тухайн бүсэд газар ашиглаж, эзэмшиж буй иргэдтэй зөвшилцөх шаардлагатай болдог. Хэдийгээр төр энэ тохиолдолд давуу эрх эдлэх ч иргэдтэй харилцан зөвшилцсөний үндсэн дээр нүүлгэн шилжүүлэх, үл хөдлөх хөрөнгөтэй (хашаа, барилга, байгууламжтай)-д нь нөхөн төлбөр олгох замаар чөлөөлдөг юм. Хууль бусаар газар олгосон байвал эрхийг нь түдгэлзүүлдэг. Улсын тусгай хэрэгцээнд авсан газрын үнэ цэн ирээдүйд өсөх магадлалтай, мөн томоохон төсөл, хөтөлбөрийн эргэн тойронд их хэмжээний мөнгө яригддаг учраас иргэд тэр хэрээр “гэдийж”, газар чөлөөлөхөд саад учруулдаг. Төр, иргэн хоёр “хэлэлцээрийн ширээ”-ний ард сууж, ойлголцож чадаагүйн улмаас гацаж, удааширсан төсөл, хөтөлбөр өчнөөн. Шинэ Хархорум хот байгуулах ажил яг ийм байдлаар удааширч, гацаж болзошгүй нь.
Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн сумын газар нутгийг хамарсан Хөшигийн хөндийн 50 мянган га талбайд Шинэ Зуунмод хот байгуулах төслийн ажил ийм шалтгаанаас болж удаашраад буй. Тухайн бүсэд газар ашиглагч, эзэмшигчийн бүртгэлтэй 3200 иргэн, аж ахуйн нэгж бий. Эдгээртэй зөвшилцөж, газар чөлөөлөх ажлыг 2021 оны намраас эхлүүлсэн ч өдий хүртэл бүрэн дуусаагүй л байна. Эзэмшлийн газартаа үйл ажиллагаа явуулж байсан, барилга, байгууламж, хашаа барьсан иргэд, аж ахуйн нэгжүүдэд улсаас 50 гаруй тэрбум төгрөгийн нөхөн төлбөр олгох тооцоо гаргасан ч Засгийн газар одоо болтол санхүүжилтийг нь бүрэн шийдвэрлээгүй.
Баруун бүсийнхнийг импортын эх үүсвэрээс ангижруулж, ногоон эрчим хүчээр хангах Эрдэнэбүрэнгийн УЦС-ын газар чөлөөлөлтийн ажил мөн л ийм дөнгөтэй байгаа. Төслийн нөлөөллийн бүсэд багтаж буй Ховд, Увс, Баян-Өлгий аймгийн 250 гаруй өрхийн 1270 гаруй иргэнд үл хөдлөх хөрөнгийн нөхөн төлбөр болгож 9.2, сэтгэл санааны хохирол гэж хүн тус бүрд нь 15.2 сая төгрөг нэг удаа олгохоор шийдвэрлэсэн ч талууд мөн л бүрэн зөвшилцөөгүй, Засгийн газар шаардлагатай санхүүжилтийг нь шийдээгүй, 2-3 тэрбум төгрөгийг увуулж цувуулан төсөвт суулгасаар өнөөдрийг хүрсэн. Үндсэндээ газар чөлөөлөх ажлыг нэг талаас ашиг хонжоо харсан иргэд, нөгөөтээгүүр, амласан нөхөн төлбөрөө хугацаанд нь шийдэж, олгодоггүй төр удаашруулдаг гэж хэлж болно.
Шинэ Зуунмод хот, түүнд түшиглэсэн эдийн засгийн чөлөөт бүс, Эрдэнэбүрэнгийн УЦС байгуулах ажлыг эрчимжүүлэхэд одоогийн Засгийн газар гойд анхаарал хандуулж байгаа мэтээр олон нийтэд мэдээлж, холбогдох сайд, дарга нар байсхийгээд л газар дээр нь очиж танилцан, хариуцсан хүмүүст үүрэг чиглэл өгдөг ч бүтээн байгуулалтыг урагшлуулахад саад болж буй газар чөлөөлөлт, нөхөн олговор зэрэг гол бэрхшээлийг шийдэхэд хойрго хандсаар ирсэн юм. Улсын тусгай хэрэгцээнд авсан газрыг чөлөөлөх ажлыг хариуцдаг Газар зохион байгуулалт, геодез, зураг зүйн газар (ГЗБГЗЗГ)-ын мэргэжилтэн “Хөшигийн хөндийн газар чөлөөлөлтийн нөхөн төлбөрт олгох хөрөнгийг төсөвт үе шаттай суулгуулахаар Засгийн газарт хэд хэдэн удаа санал хүргүүлсэн ч дэмжээгүй. 2024 он хүртэлх гурван жилийн хугацаанд энэхүү мөнгийг бүрэн шийдээд, газрын асуудлыг нэг мөр цэгцлэх боломжтой байсан ч урагшлуулах нөхцөлөөр хангасангүй” хэмээн ярьж байв. Тэгвэл өдгөө тус байгууллагынханд Шинэ Хархорум хотын газрыг чөлөөлөх, тооцоо, судалгаанд үндэслэн санал боловсруулах, Засгийн газарт нөхөн төлбөрийг нь шийдэх бас нэг ажил нэмэгдэв.
Орхоны хөндий бол түүх, соёлын өлгий нутаг. Монголчууд олон зуун жилийн турш Орхон голын хөндийд мал адгуулж аж төрж ирсэн түүхтэй учир нүүдэлчдийн соёл, иргэншлийн ул мөрийг хадгалан үлдсэн, судлан шинжлэх боломжтой газруудын нэгт багтдаг. Тиймээс тухайн бүсэд Хархорум хотыг сэргээн байгуулах шийдвэр гаргахад түүх, археологийн салбарын судлаачид “Малтлага, судалгааг бүрэн гүйцэд хийсний дараа энэ талаар ярих ёстой” хэмээн эсэргүүцэж байлаа. Энэ утгаараа Орхоны хөндий бол түүхэн чухал бүс нутаг. Тэр хэрээрээ газар чөлөөлөх ажил нь бусад төслийнхөөс ч ярвигтай байх магадлалтай.
Улсын тусгай хэрэгцээнд авахаар шийдвэрлэсэн 189 мянган га талбайн 70 орчим хувь буюу 133 мянга гаруй га талбай нь Хашаат, Өгийнуур сумын нутагт харьяалагдаж буй бол үлдсэн хэсэг нь Хархоринд хамаарч байгаа гэнэ. Хархорин сумд харьяалагдах газрын хэмжээ нийт талбайн 30 орчим хувийг эзэлж буй ч мал аж ахуй, газар тариалангийн гол бүс нутгийг хамарч байгаа, чөлөөлөх нэгж талбар багагүй гэдгийг албаны эх сурвалж хэлэв. ГЗБГЗЗГ-ын мэргэжилтэн “Нөлөөллийн бүс дэх айлуудад өнгөрсөн оны зун мэдээлэл хүргэж, уулзалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан. Эхний ээлжийн судалгааг хийсэн. Малчдын өвөлжөө, хаваржааны газрын давхцал нэлээд бий. Одоогоор нэг ч айлын газрыг чөлөөлөөгүй. Ажлаа албан ёсоор эхлүүлэх нөхцөл өнгөрсөн сараас л бүрдсэн” гэсэн юм. Нийт газрын хэчнээн нь давхцалтай буй, хэдэн нэгж талбарын эздэд нөхөн төлбөр олгох зэрэг нарийвчилсан тооцоо, судалгааг эцэслээгүй байгааг тэрбээр учирлав.
Хамгийн хачирхалтай нь, Шинэ Хархорум хот байгуулах газрыг бүрэн чөлөөлөөгүй, солбицол, хилийн цэсийг нь албан ёсоор баталгаажуулаагүй, хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг нь боловсруулаагүй байхад (одоогоор нийслэлийн Хот төлөвлөлт, судалгааны институтээс зөвхөн төлөвлөлтийн үзэл баримтлал, зургийг боловсруулаад буй) Орхоны хөндийд инженерийн дэд бүтэц, шугам сүлжээний ажлыг эхлүүлчихсэн байгаа юм. Тодруулбал, Хархорин сумд цэвэр усны 520, бохирын 480, агаарын 1500 метр шугам, дэд станц барих ажлыг өнгөрсөн онд эхлүүлсэн гэнэ. Мөн 28 700 ам метр газарт хатуу хучилттай авто зогсоол, 3580 ам метр талбай бүхий эко хавтан зам барих ажил 70 орчим хувьтай байгааг тус хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаанаас мэдээлэв. Өнгөрсөн онд гэхэд эл төслийн бүтээн байгуулалтад улсын төсвөөс 2.3 тэрбум төгрөг зарцуулсан нь “Шилэн данс”-ны тайланд байна. Эндээс Шинэ Хархорум хот байгуулах ажилд төр хэр хариуцлагатай, тооцоо, судалгаатай хандаж буйг баримжаалж болно.
Зүй нь судлаач, мэргэжилтнүүдийн хэлж буйчлан холбогдох тооцоо, судалгааг иж бүрэн хийж, газрын асуудлаа жин тан болгосныхоо дараа архитектор, инженерүүдийн зөвлөсөнчлөн мэргэжлийн хүмүүс, олон улсын экспертүүдийн оролцоотойгоор төлөвлөлтийн үзэл баримтлалаа боловсруулсан цагтаа л дэд бүтэц, шугам сүлжээний ажлаа эхлүүлбэл тохиромжтой сон. Яаж ч бодсон эхлээд суурь асуудлуудаа шийдэх учиртай. Гэтэл Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан үндэсний хороо, захиргааныхан энэ бүхнийг урвуугаар нь хийж байна. Магадгүй 2023 онд баахан газар шорооны ажил яаруу сандруу эхлүүлсэн нь сонгууль угтсан “тоглолт” байхыг ч үгүйсгэхгүй.
Уншигчид санаж буй бол Шинэ Зуунмод хотын ажил бас л ийм гажуу замаар “явсан”. Суурь судалгаа хийгээгүй, ТЭЗҮ, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө зэргээ боловсруулаагүй байж инженерийн дэд бүтцийн ажлыг нь 2022 онд эхлүүлсэн. Төд удалгүй газар чөлөөлөлтийн асуудлаас үүдэлтэй олон бэрхшээл тулгарч эхэлсэн. Улмаар зөвхөн газар чөлөөлөх, нөхөн төлбөр олгох ажлыг урагшлуулах ажлын хэсэг хүртэл байгуулахаар шийдвэрлэж байв. Стандарт, төлөвлөлт, тооцоо, судалгаагүй ажил ийм л найдваргүй, эрсдэлтэй. 2030 онд ашиглалтад оруулж, 2043 онд ажлыг нь бүрэн дуусгахаар төлөвлөөд буй, Монголын эртний нийслэлийг сэргээн байгуулах “Шинэ Хархорум”-ын ажил “Шинэ Зуунмод” төслийн хуучин замналаар явж байна.