БНХАУ-ын Олон улсын хөгжил, хамтын ажиллагааны байгууллага (CIDCA)-ын буцалтгүй тусламжийн санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, БОАЖЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар хамтран “Монгол Улсын ногоон сэргэлтийн бодлогын хүрээнд ойн түймэртэй тэмцэх чадавхыг сайжруулах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр болжээ. Үүний хүрээнд гамшгийн эрсдэлийг урьдчилан тооцоолох, мэдээлэх системийг хөгжүүлэх, менежментийг сайжруулах, бореаль буюу тайгын ойн гал түймрийг унтраах анхан шатны нэгжүүдийг чадавхжуулах ажлуудыг хийх нь.
Манай орны газар нутгийн 12 сая га орчмыг бореаль буюу тайгын ой эзэлдэг гэнэ. Хүрээлэн буй орчны экосистем, биологийн олон янз байдал, орон нутгийн иргэдийн амьжиргаанд нэн чухал ач холбогдолтойд тооцогддог энэхүү ойг түймрээс хамгаалахын тулд гамшгийн бэлэн байдлыг хангах шаардлага тулгараад буйг талууд төслийн баримт бичигт гарын үсэг зурах үеэрээ онцоллоо.
Монгол дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч Матилда Димовска “Энэ төсөл нь бидний уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, гамшигт тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх хүчин чармайлт, Монгол Улсад Тогтвортой хөгжлийн зорилгуудыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх ажлын нэг хэсэг” гэж дурдлаа. Эл төслийн санхүүжилт нь 500 мянган ам.доллар буюу 1.7 тэрбум төгрөг аж.