Монгол, Германы Засгийн газрын хооронд байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл”-өөс тусгай хамгаалалттай газрын орчны бүсийн 75 сургуульд эко танхим байгуулахад зориулж тавилга, тоног төхөөрөмжүүд хүлээлгэн өгөөд буй. Тэгвэл энэ ажлын жишиг болгож тус төслөөс Булган аймгийн Рашаант сумын ерөнхий боловсролын сургуульд эко танхим байгуулж, иж бүрэн тохижуулжээ.
Ийм танхимтай болсноор байгаль орчны сургалтыг үр дүнтэй зохион байгуулах, туршилт, дадлагын хичээл орох боломж бүрдсэнийг сургуулийн удирдлага онцлов. Монгол орны байгаль, амьтан, ургамалтай холбоотой үзмэр, ном, хэвлэл, ханын самбар, багаж, тоног төхөөрөмж гээд сургалт явуулахад шаардлагатай бүх хэрэглэгдэхүүн энэ танхимд бий гэнэ. Рашаант сумын сургууль шинэ танхимтай болсонтой холбогдуулан дэргэдээ байгаль, зэрлэг амьтан хамгаалах эко клуб байгуулжээ.
Бэлтгэсэн Н.Мишээл