Иран улсын Рамсар хотноо 1971 оны хоёрдугаар сарын 2-нд баталсан Ус, намгархаг газрын тухай конвенцыг сурталчлан таниулах зорилгоор санаачилсан Дэлхийн ус, намгархаг газрын өдөр өнөөдөр тохиож байна. Улс орнууд өнөө жил “Ус, намгархаг газраас хотын тогтвортой хөгжил” сэдвийн хүрээнд эл өдрийг тэмдэглэж, хурал, хэлэлцүүлэг, олон нийтийг хамруулсан арга хэмжээ зохион байгуулж буй юм.
Хот, суурин тэлж, газар ашиглалт нэмэгдэхийн хэрээр экологийн тэнцвэртэй байдлыг хангагч ус, намгархаг газрын зай талбай багасаж, үүний оронд барилга, байгууламж сүндэрлэх болсон. Энэ нь орчны бохирдол гаарах, усны нөөц дундрах, хөрсний ашигт чанар алдагдах зэрэг олон эрсдэлийг бий болгож буй аж. Олон улсын байгууллагуудын тооцоолсноор 2030 он гэхэд суурин газруудын хүн амын нягтшил улам ихсэж, 10-аас дээш сая иргэнтэй хотын тоо 41 болж өсөх магадлалтай гэнэ. Иймд ус, намгархаг газрыг хамгаалах, зохистой ашиглалтыг бий болгох зорилгоор дээрх сэдвийг дэвшүүлсэн байна.
Сонирхуулахад, манай улс ус, намгархаг газрыг хамгаалах Рамсарын конвенцод 1997-2004 оны хооронд 11 газрыг бүртгүүлжээ. Хамгийн анх Монгол Дагуурын бүс нутгийг, 1998 онд Нууруудын хөндий, Өгий, Тэрхийн цагаан, дараа жил нь Хар-Ус, Айраг, 2004 онд Ачит, Буйр, Ганга, Увс, Хурх, Хүйтний хөндийн нуур болон түүний ойр орчмын газрыг бүртгүүлсэн аж.