Монгол оронд цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл өнгөрсөн онд 132 удаа бүртгэгдсэнийг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ. Энэ нь 1990 онд бүртгэгдсэнээс 99, 2000 оныхоос 76, 2010 оныхоос 74, 2020 оныхоос 33-аар өссөн үзүүлэлт гэнэ. Цаг уур харьцангуй тогтвортой байх үед жилд ойролцоогоор 60 үзэгдэл тохиодог байсан бол сүүлийн 10 жилийн дундаж нь 98 болж өсжээ. Цаг агаарын гаралтай аюулт, гамшигт үзэгдлийг төрлөөр нь ангилбал хүчтэй салхи шуурга (22 хувь), аадраас үүдэлтэй уруйн үер (21), аянга цахилгаан (14), нөөлөг салхи (11) нийт тохиолдлын 68 хувийг эзэлж байна. Харин үлдсэнийг нь мөндөр, их хэмжээний бороо, цас, цочир хүйтрэл, мөс цөмөрснөөс үүдэлтэй үзэгдэл эзэлжээ. Эдгээрийн улмаас 31 хүн амиа алдаж, 11 702 мал хорогдсон байна. Эрчим хүчний 19 шон, найман чиглэлийн авто зам, 807 гэр, 919 хашаа, 356.5 га тариалангийн талбай сүйдсэн аж. Улмаар улс, нийгэмд 10.2 орчим тэрбум төгрөгийн шууд хохирол учирчээ.
Энэ төрлийн үзэгдлүүдээс болж2013 онд хамгийн олон буюу 123 хүн амиа алдаж байв. Тэгвэл өнгөрсөн онд үүнээс есөөр олон иргэн нас барснаар 1990 оноос хойших хамгийн хохирол ихтэй жилд тооцогдох болсон аж. 2022 онд ийм шалтгаанаар дөрвөн хүн зуурдаар таалал төгссөн байна.
Аюулт болон гамшигт үзэгдлийн давтамж сүүлийн жилүүдэд эрс нэмэгдэж буйг цаг уурчид онцолсон бөгөөд өнгөрөгч онд цаг агаар туйлын тогтворгүй, эрсдэл, хохирол ихтэй байсныг дурдлаа.