Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож 7 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 7 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялыг өршөөлд хамруулан, 5 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр;
Шүүгдэгч Д.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 2, 11.3 дугаар зүйлийн 2, 11.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хэргийг өршөөлд хамруулан хэрэгсэхгүй болгож,
Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын хохирлын зарим хэсгийг тээврийн хэрэгслийн эзэмшигч “Т” ХХК-иас гаргуулж, хэрэгт иргэний хариуцагчаар татагдсан “Ш” ХХК-ийг хууль буюу гэрээний дагуу хариуцагч биш гэж дүгнэсэн тул “Ш” компаниас нэхэмжилсэн хохирол хор уршгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж тус тус шийдвэрлэснийг эс зөвшөөрч хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлуудаар хэргийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэв.
Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Тодруулбал, Аюултай ачаа тээвэрлүүлэгч “Ш” ХХК-ийг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлгүй гэж дүгнэж, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч нарын хохирол, хор уршиг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүйгээс гадна гэмт хэргийн хохирол, хор уршгийн талаар хууль зүйн дүгнэлт хийж эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх нь хохирогч нарын эрх ашигт нийцнэ.
Мөн шүүхийн нотлох баримтын талаар дүгнэсэн дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, түүнийг давж заалдах шатны шүүх зөвтгөн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгов.