1971 оны хоёрдугаар сарын 2-ны өдөр Иран улсын Рамсар хотноо Каспийн тэнгисийн эрэгт “Ус намгархаг газрын тухай конвенц”-ийг баталсан. Улмаар энэ өдрийг “Ус, намгархаг газрын дэлхийн өдөр” болгон жил бүр тэмдэглэдэг уламжлал тогтжээ.
Монгол улс энэхүү конвенцид 1998 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдөр албан ёсоор нэгдэн орсон. Өгий нуур, Монгол Дагуур, Тэрхийн Цагаан нуур, Их нууруудын хөндийн нуурууд, Хар-Ус нуур, Айраг нуур, Ачит нуур, түүний орчмын ус, намгархаг газар, Буйр нуур, түүний орчмын ус, намгархаг газар, Ганга нуур, түүний орчмын ус, намгархаг газар, Увс нуур, түүний орчмын ус, намгархаг газар, Хурх, Хүйтэн голын хөндийн нуурууд зэрэг манай орны 11 газар Рамсарын жагсаалтад бүртгэлтэй.
Буйр нуур нь Монгол орны зүүн бүсийн хамгийн том нуур бөгөөд Зүүн Ази-Австрали Азийн нүүдлийн зам дагуу байрших тул олон зүйлийн нүүдлийн шувуудын хувьд ач холбогдол өндөртэй ус, намгархаг газар юм. Конвенцийн 9 шалгуураас 6 шалгуурыг хангаж байгаа учраас Буйр нуур, түүний орчмын ус, намгархаг газрыг Рамсарын конвенцэд 2004 оны гуравдугаар сарын 22-нд бүртгэсэн байна.