Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлийн 2024 оны эхний хуралдааныг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн судалгаа хөгжлийн төвд зохион байгууллаа. Хуралдааныг Зөвлөлийн дарга бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг ахалжээ. Хуралдаанаар зөвлөлийн 2023 оны үйл ажиллагааны тайлан, 2024 оны төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
Мөн түүнчлэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны захиалгаар 2024 оноос хэрэгжүүлэх шинжлэх ухаан, технологийн төслийн хүрээнд шийдвэрлүүлэх шаардлагатай нийт 29 саналыг хэлэлцэж, 12 саналыг Шинжлэх ухаан, технологийн санд хүргүүлэхээр шийдвэрлэлээ. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд тус яамны захиалгаар Шинжлэх ухаан, технологийн 13 төслийг, 1.6 тэрбум төгрөгийн санхүүжилттэйгээр хэрэгжүүлж байна.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны захиалгаар хэрэгжүүлсэн Шинжлэх ухаан, технологийн болон Цөм технологийн төслүүдийн үр дүнгээр 288 ном товхимол, 67 эрдмийн зэрэг горилсон бүтээл, 129 шинэ ба шинэчилсэн бүтээл, 221 шинэ ба шинэчилсэн технологи, 30 тоног төхөөрөмжийн туршилтийн загвар, 201 стандарт, 308 зөвлөмж, 270 заавар, 51 патен, 14 шинэ онол, 50 ашигтай загвар, 33 зохиогчийн эрх, 457 гадаад өгүүлэл, 1792 дотоод өгүүлэл, 403 гадаад илтгэл, 1472 дотоод илтгэл, 171 аргачлал, 1070 ишлэл зэрэг үр дүнгүүд гарсан байна.