Энэ жил Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиож байна. Түүхэн ойн хүрээнд “Монгол шуудан” ХХК, Гадаад харилцааны яам хамтран шуудангийн марк гаргаж, нээлт хийв. Мөн өнгөрсөн 50 жилийн хугацаан дахь хамтын ажиллагааны түүхэн зургуудаар үзэсгэлэн гаргажээ.
“Монгол шуудан” ХХК ерөнхий захирал Б.Анхбаатар хэлэхдээ “Монгол Улс, ХБНГУ хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн мэнд хүргэе. Энэхүү түүхэн ойг маркад мөнхөлж чадсандаа баяртай байна. “Монгол шуудан” БНХГУ-тай холбоотой маркийг анх 1951 онд гарж байсан. Маркад улсын түүх, соёл шингэн үлддэг. Энэхүү марк 1144 дөх сэдвийн марк болж байна” гэж тодотгов.
Маркийн нээлтийн ёслолд, Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр, Гадаад харилцааны яамны Европын газрын захирал Г.Баттунгалаг, ХБНГУ-аас Монголд суугаа элчин сайд Хэльмут Кулитц, “Монгол шуудан” ХХК-ий гүйцэтгэх захирал Б.Анхбаатар, “Монгол шуудан” ХХК үнэт цаасны хэлтсийн дарга Б.Дамдинбазар нар оролцлоо.
Ерөнхийлөгчийн гадаад бодлогын зөвлөх Э.Одбаяр хэлэхдээ “Үйл ажиллагааны хүрээнд Монгол, Германы харилцааны ололт амжилтыг дүгнэхийн зэрэгцээ, хамтын ажиллагааг бататгах зорилгоор цуврал үйл ажиллагааг нэг жилийн хугацаанд Улаанбаатар, Берлин хотуудад хэрэгжүүлэхээр төлөвлөсөн. Түүхт 50 жилийн ойг марк гаргаж, гэрэл зургийн үзэсгэлэнгээр нээж байгаад баяртай байна. ХБНГУ бол Монгол Улсын гуравдагч хөрш, Европ дахь дотно түнш юм. Ардчилал, хүний эрх, хууль дээдлэх ёс гэх зэрэг нийтлэг үнэт зүйлд суурилсан хоёр орны харилцаа улам сайжрах байх гэдэгт бид итгэл төгс байна. Марк бүтээсэн уран бүтээлчид, “Монгол шуудан” ХХК-ий хамт олонд талархал илэрхийлье” хэмээлээ.
БНХГУ-аас Монголд Улсад суугаа элчин сайд Хельмут Кулитц “Эрхэм хүндэт зочдодоо энэхүү ойн мэнд хүргэе. “Монгол шуудан” ХХК болон Гадаад харилцааны яамны хамт олонд талархлаа илэрхийлье. 50 жилийн хугацаа бага хэдий ч хамтын ажиллагаа өгөөжтэй байсан. Өнгөрсөн хамтын ажиллагаа нөхөрлөл, итгэлцлээр дүүрэн байлаа. Үүний бэлгэдэл болгон “Монгол шуудан” ХХК-аас энэхүү маркийг бүтээсэнд талархаж байна. Марк болон үйл ажиллагаа бидний цаашдын харилцааг илүү батжуулах бүтээлт болж байна” гэв.
Бэлтгэсэн Н.Халиунаа