БОАЖЯ, ЗТХЯ хамтран дэд бүтцийн төлөвлөлтийг хүрээлэн буй орчинд ээлтэй болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор Тал хээр, говь цөлийн бүсийн авто болон төмөр зам дагуу зэрлэг амьтдад гарц төлөвлөх MNS 6515:2015, Уулархаг нутгийн зам, замын байгууламжийн зэрлэг амьтдад зориулсан гарц, ерөнхий шаардлага MNS 6735:2018 зэрэг стандартыг боловсруулан баталсан. Үүн дээр нэмээд ан амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнд сөрөг нөлөө багатай авто болон төмөр замын хориг хашааны стандарт боловсруулж байгааг судлаачид мэдээллээ.
Стандартын төслийн эхний хэлэлцүүлгийг уржигдар зохион байгуулж, зэрлэг амьтан хамгаалах, шугаман дэд бүтцийг хөгжүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар зэрэг байгууллагын судлаач, мэргэжилтнүүдийг оролцуулсан байна. Оролцогчид хориг хашааны бүтэц, хийц, хэмжээ, байршлыг амьтдын онцлогт тохируулан тооцоолох, төлөвлөх шаардлагын талаар санал солилцжээ.
Бэлтгэсэн И.Мишээл