Аялал жуулчлалын тухай хуулийг шинэчлэн баталсантай холбогдуулан Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны дэргэд улс улсын зах зээл хариуцсан төрийн бус байгууллага байгуулж, тухайн орноос Монгол руу чиглэсэн жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх ажлуудыг хийж буй. Тухайлбал, БНСУ-аас жуулчин хүлээж авдаг компаниуд хамтран Монголын солонгос зах зээлийн аялал жуулчлалын холбоо байгуулж, өнгөрсөн жилээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгвэл дээрх холбооны дэргэд “Америк, Монголын аялал жуулчлалын хөгжлийн нийгэмлэг” төрийн бус байгууллага байгуулжээ.
Энэхүү нийгэмлэг нь АНУ-аас манай оронд ирэх жуулчдын тоог нэмэгдүүлэх, Монголыг сурталчлан таниулах, салбарын хүний нөөцийг чадавхжуулах, үйлчилгээний чанарыг сайжруулах чиглэлээр ажиллах нь. Иймд тус нийгэмлэг Америкийн зах зээлээс жуулчин хүлээж авдаг, энэ чиглэлээр гадаад хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж буй аж ахуйн нэгж, байгууллагуудыг гишүүнээр бүртгэж, элсүүлж эхэлжээ.