Автомашинуудыг улсын дугаарын тэгш, сондгойгоор нь ангилан замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалтыг Улаанбаатарт өнгөрсөн арванхоёрдугаар сарын 18-наас мөрдөж эхэлсэн. Уг зохицуулалтын хугацаа өчигдрөөр дууссан юм. Үүнтэй холбоотойгоор дугаарын хязгаарлалтыг үргэлжлүүлэх санал асуулгыг нийслэлийн ЗДТГ-аас өнгөрсөн сарын 29-нд эхлүүлж, гурав хоног үргэлжлүүллээ. Санал асуулгыг өчигдөр 17.00 цагт хаасан бөгөөд 7899 иргэн оролцсоноос 55 хувь нь дугаарын хязгаарлалтын хугацааг сунгахыг дэмжсэнгүй. Үлдсэн 45 хувь нь хязгаарлалтыг үргэлжлүүлэх санал өгчээ. Өөрөөр хэлбэл, иргэдийн олонх нь хязгаарлалтгүйгээр зорчихыг хүссэн байна.
Гэтэл Засгийн газрын түвшинд, тодруулбал, “түгжрэл”-ийн сайд Б.Дэлгэрсайхан дугаарын хязгаарлалтыг сунгахаас өөр аргагүй болсон талаар өчигдөр ярьсан гэнэ. Сар шинийн баяр ойртсонтой холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэж, тэр хэрээр иргэдийн бухимдал ч их байна. Тиймээс дарга нар иргэдийн саналын эсрэг шийдвэр гаргаж ч магадгүй нөхцөл байдал үүссэн юм. Үүнтэй холбоотойгоор нийслэлийн удирдлагууд ч яах гээд байгаа нь мэдэгдэхгүй таг чиг болов. Ингээд удаж удаж буюу 19.00 цагийн үед нийслэлийн ЗДТГ-аас мэдээлэл хийсэн бөгөөд дугаарын хязгаарлалтыг цуцлахаа мэдэгдсэн юм. Өөрөөр хэлбэл, иргэдийн саналын дагуу шийдвэр гаргаснаа нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг мэдэгдэв.
Бэлтгэсэн Ч.Зул