Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутагт болсон ослын үеэр олон иргэний байр, машин шатсан. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан энэ талаар мэдээлэл өгөв. Тэрбээр “Нийт таван машин даатгалтай байсан. Эдгээрийн гурав нь бүрэн даатгалтай. Суудлын хоёр жижиг тэрэгний даатгалд тус бүр 15 сая төгрөг шилжүүлсэн. Мөн “Дашваанжил” ХХК-ийн хүнд даацын машины даатгалд 130 сая төгрөг төлөх шийдвэр гараад байна. “Санни”, “Эдү апартмент” орон сууцын галт өртсөн айлуудын 127 нь ипотекийн зээлтэй ч 72 нь л даатгалтай гэсэн мэдээлэл ирүүлсэн. Эд хөрөнгийн үнэлгээ нь 10.1 тэрбум төгрөг орчим байгаа. Тэдний 20 нь даатгалын компанитай холбогдсон. Хуулийн байгууллагын шалгалт дуусаагүй байгаа учраас даатгалын компаниуд эд хөрөнгийн бүрэн үнэлгээ хийж эхлээгүй. Жолоочийн хариуцлагын, тээврийн хэрэгслийн, ипотекийн, эрүүл мэнд, амь насны зэрэг нийт есөн төрлийн даатгалын нэхэмжлэл төлөхөөр байна. “Дашваанжил” компани тэсэрч дэлбэрэх бодисын тээвэрлэлтийн даатгалаа төлөөгүй байсан юм билээ. Харин тээврийн хэрэгслээ даатгуулсан байсан” гэв.