Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг Хөвсгөл аймагт ажиллаж байна. Энэ хүрээнд 2024 оны нэгдүгээр сарын 28, 29-ний өдөр Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын Засаг дарга Б.Цэрэн-Очир болон Хамтарсан багийн гишүүд, Зүүн тайгын цаатан иргэдтэй уулзаж, өнгөрсөн 2023 онд гарсан зөрчил, мэдээлэлтэй танилцан, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авах, нийгмийн халамж хүртэх, хүүхдийн сурч боловсрох, газар эзэмших зэрэг эрхтэй холбоотой тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцож, гомдол, мэдээлэл хүлээн авлаа.
Цагааннуур сумын ЕБС-д 521 хүүхэд хоёр ээлжээр суралцдаг. Усанд орох, бие засах газар нь гадаа байрладаг тул эрүүл ахуйн шаардлага хангадаггүй. Сургууль, сургуулийн дотуур байр, халуун усны газрын цахилгааны монтаж аюулгүйн норм стандарт зөрчсөн, цонх, хаалга цантсан, хана туурга мөөгөнцөртсөн, сургалтын өрөөнүүдийг ил зуухаар галлаж халаадаг, сурагчдын ширээ, сандал хуучирч эвдэрч, гэмтсэн, гэрэлтүүлэг хангалтгүй, үдийн хоолны норм стандартад хүрдэггүй зэргээр сурагчдын сурч, боловсрох эрх ноцтой зөрчигдөж байна.
Тус суманд 2024-2026 онд 320 хүүхдийн шинэ сургууль барихаар улсаас төлөвлөж, эхний санхүүжилт болох 2.8 тэрбум төгрөгийг 2024 оны улсын төсөвт суутгасан аж. Гэвч сургуулийн барилга, байгууламж барих ажил 3 жил дамнаж үргэлжлэх нь сурагчдын сурч, боловсрох эрхийн хэрэгжилтэд сөргөөр нөлөөлөхийг ХЭҮК-оос цохон тэмдэглэжээ.
Мөн 2024 хүн амтай сумын хэмжээнд согтууруулах ундаа зарах зөвшөөрөлтэй 11 дэлгүүр үйл ажиллагаа явуулж буй нь ахуйн хүрээнд архидан согтуурах, гэмт хэрэг үйлдэгдэх, согтууруулах ундааны хэрэглээний хэрэглээ нэмэгдэхэд нөлөөлдөг байж болзошгүйг ХЭҮК урьдчилсан байдлаар дүгнэлээ. Түүнчлэн сумын Цагдаагийн хэсэг автомашингүй, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулах төсөвгүй, онцгой байдал хариуцсан нэгжгүй, сумын төв дэх эмийн санд шаардлагатай эм, тарианы татан авалт хангалтгүй, ахмадууд хөнгөлөлттэй эм, тариа худалдан авах боломж хязгаарлагдмал, хүрэлцдэггүй. Цаашлаад сумын хэмжээнд ундны цэвэр усны гүний худаг байдаггүйн улмаас ахуйн хэрэглээний усаа нуурын уснаас хангадаг зэрэг асуудлыг иргэд хөндсөн юм.