ЭХЭНД ӨГҮҮЛЭХ НЬ
Сүүлийн жилүүдэд бөхийн хөшөө босгох, тодорхой нэгэн бөхөд зориулсан эзэнтэй дуу гаргах нь элбэгшсэн. Энэ нь бөхөө алдаршуулж буй сайн хэрэг хэдий ч хянадаг, баталдаг газар байхгүйгээс хэн дуртай нь хөшөө босгож, дуу хийдэг боллоо. Хөшөө босгох, дуу хийхэд буруу юу байх вэ. Гэвч ул суурьтай судалгаагүйн улмаас урлагийн бүтээл болон ур хийц талаасаа дутуу дулимаг, утгаа алдсан дүр дүрслэлтэй, хэлбэр маяг нь дэндсэн юм хийх нь олширлоо. Нэгэнт хөрөнгө мөнгө зарж, ажил хэрэг болгож, олон хүний хандив, тусламжаар хийдэг зүйлийг ёс горимынх нь дагуу, зөв зүйтэй байдлаар бүтээх хэрэгтэй.
БӨЛДӨГГҮЙ БӨХЧҮҮД
Хэнтий аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга, аймгийн начин Г.Нэргүйбаатар гэдэг хүний санаачилгаар тус аймгийн Өндөрхаан сумд(хуучин нэрээр нь бичив) даншгийн аварга Цэдэн, Намжилжав, Чойдорги, Р.Ринчин, Цэвэгмэд, С.Чүлтэм, М.Мөрринчин, улсын аварга Г.Самдан гэсэн найман бөхийн хөшөөг Хятадад захиалан хийлгэж, босгосон. Эдгээрийг гаднаас нь харахад зодог шуудагтай монгол бөхийн хөшөө мэт харагдана. Гэвч маш бартаг хийцтэй, эр хүний эрхтэнгүй, бүгд бөлдөггүй байгаа юм. Анх есөн аваргын хөшөө босгохоор төлөвлөжээ. Харин Б.Бат-Эрдэнэ аварга хөшөөгөө босгуулахаас татгалзсан байдаг. Хэрэв Б.Бат-Эрдэнэ аварга хөшөөгөө босгуулсан бол эр төрхтэй “эм бөх” болох байлаа. Даруухан зан гаргасан нь болж дээ.
“ЗОДОГТОЙ ТЭМЭЭ”
“Тэмээ өргөдөг” хэмээн улс орон даяар алдаршсан, Булган аймгийн Сайхан сумын харьяат, Монгол Улсын хүчит арслан Б.Жамъяндорж агсанд зориулсан “Зодогтой тэмээ” хэмээх дууны үгийг Ч.Батсайхан бичиж, аяыг нь Б.Атарсайхан зохиож, Б.Амгаа гэгч дуулжээ. Энэ дуу нэрээсээ авхуулаад тэр чигтээ алдаатай, арслан цолтой бөхөө алдаршуулах биш, доромжлоод хаячихжээ. “Тэмээ өргөдөг” тэнхээтэй хүчит арслан Б.Жамъяндорж гуайг “Зодогтой тэмээ” мал болгоод туусан байна. За яах вэ, Б.Жамъяндорж арслан тэмээ юм байж гэж бодъё. Тэгвэл тэмээ нь тэмээгээ яаж өргөх вэ. Зүй нь зүгээр л ард түмэнд алдаршсан “Тэмээ өргөдөг” гэдгээр нь дуулахад болох шүү дээ.
ИРВЭСИЙН ХУРД ХИЙЦТЭЙ БӨХЧҮҮД
Соёлын тэргүүний ажилтан Х.Лхасүрэн, Ш.Энхжаргал нарын бүтээл, залуу дуучин Б.Дүгэрсүрэн, Д.Бат-Ундрах нарын хамтран дуулсан “Отгонтэнгэрийн хүчтэнүүд” хэмээх дуу бий.
“Ид хаваа харуулсан
Ирвэсийн хурд хийцтэй
Идэр залуу хүчтэнүүд
Төрөн төрөн тодроостой” гэж энэ дуу эхэлдэг.
Монголчууд эрт үеэсээ хүчит бөхчүүдийнхээ хүч чадлыг хангарди, арслан, заан, бод малын тэнхээтэй жишиж, аварга, арслан, заан, начин цолыг голдуу олгож ирсэн билээ. Түүнээс бар, ирвэс, шилүүс гэсэн муурын төрлийн амьтны нэртэй цол огт олгодоггүй бөгөөд тэгж ч ярьдаггүй бөлгөө. Орчин үед л ондоо болоод, сумын наадамд түрүүлсэн бөхөд “муур” гэдэг цол олгож ч мэдэх нь.
“...Ирвэсийн хурд хийцтэй
Идэр залуу хүчтэнүүд
Төрөн төрөн тодроостой” гэсэн нь ч тун хачирхалтай.
БҮРГЭДИЙН ДЭВЭЛТТЭЙ АВАРГА
Хуучнаар Түшээт хан аймгийн Далай гүний хошуу, одоогийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын харьяат, даншгийн аварга, “Их Монгол” хэмээх Х.Шаравжамц аваргад зориулсан дууны шүлгийг түүний ач хүү Б.Чойдогжамц бичсэн.
“Их Монгол уултайгаа
Ихэрлэж төрсөн болохоороо...
...Хүй Мандалын дэвжээнээ
Хүрэн бүргэдийн дэвэлттэй” гэхчлэн уг дууны шүлэгт бичсэн билээ. Их Монгол уултай хүн “ихэрлэж” төрөх нь зүйрлэлийн хувьд оновчгүй. “Их Монгол уул шигээ” ч гэдэг юм уу, эсвэл “Их Монгол уултайгаа ижилдсэн” гэвэл арай ойртож очмоор санагдах юм. Цаашлаад
“...Хүй Мандалын дэвжээнээ
Хүрэн бүргэдийн дэвэлттэй” гэдэг нь “Их Монгол” аваргыгаа аварга биш болгон үгүйсгэсэн байх юм. Учир нь аварга бөх бүргэдийн биш, хангардийн дэвэлтээр дэвдэг билээ. Тийм ч учраас одоо үед ч аварга цолтой бөхийн малгайны тэмдэгт могой зуусан хангардийг дүрсэлсэн байдаг. “Их Монгол” дууны аяыг Б.Пүрэвсүрэн зохиож, цагдаагийн “Сүлд” чуулгын дуучин Э.Нямхүү дуулсан.
ТӨГСГӨЛД НЬ ӨГҮҮЛЭХҮЙД
Орчин үед мөнгөтэй хүн хоногийн дотор дуу хийдэг болсон. Хэчнээн алдаатай, буруу зөрүү зүйл хийсэн ч ах, дүү хамаатан садан, найз нөхөд, нутаг усныхан нь “Сайхан бүтээл болжээ” хэмээн даган баясаад байдаг нь өнөө үеийнхний эмгэнэл юм. Арай бодитой, зөв зүйтэй байдлаар уран бүтээл туурвих гэсэн нэгнийг тухайн нутгийнх л биш бол хөөх нь холгүй. Энэ нь үндэстний хувьд сүйрэл гэхэд буруудахгүй.
Нөгөөтээгүүр, утга зохиол, урлагт шүүмжлэл байхгүй болсон нь дураараа дургих нэг далим үүсгэв. Үүний улмаас аливаа уран бүтээлийг зөнд нь орхигдуулж, заам энгэрээ ярж задгайрах нөхцөлийг хүссэн, хүсээгүй үүсгэж байна.
Бэлтгэсэн Ч.Ууганбаатар Спортын сэтгүүлч, докторант