Үе тэнгийнхэн нь зодог тайлдаг насанд Энэтхэгийн теннисчин Рохан Бопанна оргил амжилтаа үзүүлж байна. Тэрбээр М.Эбдений хамтаар “Австралийн нээлттэй тэмцээн”-ий эрэгтэй хосын төрөлд түрүүлснээр дэлхийн номер нэг теннисчин боллоо.
Өдгөө 43 настай энэтхэг тамирчин ийнхүү хоёр ч дээд амжилтын эзэн болж байгаа юм. Тодруулбал, “Их дуулга”-д түрүүлсэн хамгийн ахмад тамирчин, мөн дэлхийн чансааны хамгийн хөгшин тэргүүн теннисчин. Р.Бопаннагийн карьерын оргил үе ийм хожуу тохиож байна.
ЭНХИЙН ТӨЛӨӨ ҮЙЛС
Энэтхэгийн теннисний сургалт дэлхий дахинд тун алдартай. Ялангуяа хосын төрөлд. Жишээлбэл, “Их дуулга” тэмцээний 18 удаагийн аварга Л.Паес, 12 удаагийн аварга М.Бхупати зэрэг эрэгтэй, мөн “Их дуулга”-д зургаан удаа түрүүлсэн С.Мирзу зэрэг эмэгтэй теннисчнийг нь нэрлэж болно. Эл гурван тамирчин хосын болон холимог хосын төрөлд ноёлж, бүгд дэлхийн чансааг тэргүүлж байсан. Харин тэдний амжилт Р.Бопаннагийн дэргэд тийм ч гялалзсан, сод мэт харагдахгүй байна.
Олон жилийн турш Р.Бопаннагаас амжилт нүүр буруулсаар иржээ. Тэрбээр АТР тэмцээний анхны цомоо 28 настайдаа буюу олонх тамирчин зодог тайлах тухайгаа бодож эхэлдэг насанд хүртсэн юм. Гэвч Рохан амжилтаа бага багаар ахиулсаар байв. Ялангуяа Пакистаны Айс-уль-Хак Курешигийн хамтаар өндөр амжилт үзүүлсэн. Тэд сайн хамтрагчаас гадна сайн найз юм. Энэтхэг, Пакистаны таагүй харилцааг бодож үзвэл тэдний үерхэл тун содонд тооцогдох нь гарцаагүй. Магадгүй тийм учраас А.Куреши, Р.Бопанна нар дайнаа зогсоож, теннис тоглохыг уриалсан энх тайван ч шинжтэй олон санаачилгыг хэрэгжүүлсэн. Эдгээр арга хэмжээнд нь олон теннисчин, тухайлбал, Н.Жокович хүртэл оролцож байжээ. Энхийн төлөөх эдгээр үйл хэрэг нь тэднийг теннисээ сайн тоглох, АТР-ийн тэмцээнүүдэд түрүүлэх, 2010 оны “Америкийн нээлттэй тэмцээн”-ий финалд шалгарахад саад болсонгүй. Гэхдээ 2024 он хүртэл “Их дуулга”-ын анхны бөгөөд цорын ганц түрүүгээ Р.Бопанна дөнгөж 2017 онд Канадын Г.Дабровскигийн (холимог хос) хамтаар хүртсэн юм.
Төд удалгүй түүний карьер уруудаж буй шинж ажиглагдаж эхэллээ. 36 нас хүрээд Р.Бопанна дэлхийн чансааны шилдэг 10, удалгүй шилдэг 20-иос хасагдлаа. Гэвч тэрбээр теннисээ орхихыг хүссэнгүй, тоглосоор, чансаа нь буурсаар шилдэг 30-ийн тоонд ч орохоо болив. Эрэгтэй хосын төрлийн тамирчдын хувьд 40 нас хүртлээ тоглох нь хэвийн үзэгдэл боловч том тэмцээнд оролцох нь өөр хэрэг, харин ийм насанд улирлын дөрвөн том тэмцээний нэгт түрүүлэх нь итгэмээргүй амжилт болдог. Р.Бопаннаг ийм гайхамшиг бүтээнэ гэдэгт хэн ч итгээгүй боловч тэрбээр Австралийн М.Эбдентэй (энэ жил 37 настай) хамт тоглох болсноор амжилт нь цойлжээ.
УРАМ ӨГӨГЧ ДӨЧИН НАСТНУУД
Тэд 2023 оны эхэнд Роттердам, Индиан-Уэллст болсон тэмцээнд түрүүлснээр Р.Бопанна мастерс ангиллын тэмцээний хамгийн ахмад финалист болон ялагчаар тодров. Мөн зургаан том тэмцээн, тэр дундаа “Америкийн нээлттэй тэмцээн”-ий финалд шалгарлаа. Ингэснээр энэтхэг тамирчин Канадын Д.Несторын амжилтыг эвдэж, “Их дуулга” тэмцээнд финалдсан хамгийн ахмад теннисчин болсон. Энэ бүхний үр дүнд тэрбээр сүүлийн 10 жилд анх удаа дэлхийн чансааны эхний гуравт дахин бичигдэх болж, улмаар 2024 оныг дуулиантай эхлүүллээ.
Р.Бопанна эрэгтэй хосын чансааг тэргүүлэх нь“Австралийн нээлттэй тэмцээн” эхлэхээс өмнө тодорхой болсон. Гэхдээ тэрбээр эл амжилтдаа сэтгэл огт ханалгүй, финалд Италийн С.Болелли, А.Вавассори нарыг буулгаж авсан юм. “Гайхалтай хамтрагчдаа баяр хүргэе. Тэр 43 настай, энэ бол түүний анхны “Их дуулга”-ын цом. Түүний хувьд нас юу ч биш. Тэр сэтгэл зүйгээрээ залуухан. Тэр бол аварга, дайчин” хэмээн баярласан хамтрагч М.Эбден нь өгүүлж байв. Харин энэтхэг теннисчин карьерынхаа хамгийн шилдэг тоглолт Мель бурнд үзүүлсэн хэмээн онцолжээ.
Бусад хүнд үлгэр дуурайл болж буйдаа Рохан сэтгэл хангалуун байгаа гэнэ. Мэргэжлийн спорт бол зөвхөн залуучуудынх биш гэдгийг, хүний насанд хязгаар тавих ёсгүйг Р.Бопанна харуулж байна. “Дөч эргэм, эсвэл надаас ахмад хүмүүст би урам өгсөн байж магадгүй. Зөвхөн теннисний талбайд ч биш” хэмээн тэрбээр CNN-д өгсөн ярилцлагадаа өгүүлжээ.
Түүний амжилтын нэг нууц нь иог аж. Тэрбээр цар тахлын үеэр иогоор хичээллэж эхэлсэн. Өмнө нь иог төдий л сонирхдоггүй байсан гэнэ. Гэрийнхээ ойролцоох иогад явж эхэлсэн Р.Бопанна удалгүй долоо хоногт дөрвөн удаа, тус бүр 90 минутыг үүнд зарцуулдаг“донтон” болжээ. “Иог надад үнэхээр их нөлөөлсөн. Хөл, биеийг минь хүчтэй болгосноос гадна талбай дээр тайван байхад тусалсан, анхаарал төвлөрөл ч сайжирсан” хэмээн тэрбээр ярьсан юм. Тиймээс тэрбээр дахин олон жил теннисний талбайд гялалзаж магадгүй.
Бэлтгэсэн Э.Манлайбаатар