ОХУ-ын уран гулгагч К.Валиевагийн тэмцээн уралдаанд оролцох эрхийг Лозанн хот дахь Спортын арбитрын шүүх (CAS) дөрвөн жилээр хасах шийдвэрийг энэ сарын 29-нд гаргалаа. Ингэснээр 2021 оны арванхоёрдугаар сарын 25-наас эхлэн түүний үзүүлсэн бүх амжилтыг хүчингүйд тооцож, медаль болон мөнгөн шагналыг нь хураах юм.
Энэхүү шийдвэрийг талархалтай хүлээж авч буй гэдгээ Допингтой тэмцэх дэлхийн агентлаг (WADA) илэрхийлэв. “Шударга ёс, тамирчин, спортын сайн сайхны төлөө бид CAS-д давж заалдах хүсэлтийг илгээсэн бөгөөд эл шийдвэрээр шударга ёс тогтлоо гэж үзэж байна. Эл асуудлыг шийдвэрлэхэд зарцуулсан хугацаанд оролцогч талууд дургүйцэж байгааг бид ойлгож хүлээн авлаа. Орост болсон анхан шатны шалгах ажлаас эхлээд эл процессын бүх шатанд асуудлыг аль болох шуурхай шийдвэрлэхийг бид хичээсэн” хэмээн WADA мэдээлснийг “РИА Новости” эш татжээ.
Харин уран гулгагчдаа олимпын наадмын багийн төрөлд аваргалсан гэж үзсээр байх болно гэдгээ ОХУ-ын уран гулгалтын холбооны тэргүүн А.Коган илэрхийлсэн байна. “Ийм нөхцөл байдлаас объектив шийдвэр гаргана гэж төсөөлөхөд хэцүү байлаа. Бид уг процесст оролцоогүй бөгөөд шийдвэрийг хүлээн авч нухацтай судлахаар төлөвлөж байна. Оросын уран гулгагчид багийн төрөлд олимпын аварга болсон гэдэг нь тодорхой” хэмээн тэрбээр ярьжээ.
Гэхдээ CAS-ын шийдвэр нь 2022 оны олимпын наадмын багийн төрлийн медалийг автоматаар хураана гэсэн утгатай биш юм. Харин К.Валиевагийн үзүүлэлтийг хасаж, ОХУ-ын багийн бусад тамирчны амжилтыг хэвээр үлдээвэл тэд дөрөвдүгээр байр луу бууна. Гэсэн ч энэ талаарх эцсийн шийдвэрийг ОУОХ болон Олон улсын тэшүүрийн холбоо (ISU) гаргах учиртай. Тодруулбал, хоёрдугаар сарын 7-нд ISU энэ тухай шийдвэрээ гаргах төлөвтэй байна. Мэдээж тус холбооны шийдвэрийг ОУОХ батламжлах ёстой бөгөөд ОХУ болон бусад талд давж заалдах боломж гарч ирнэ.
Бээжингийн олимпын медалиас гадна өөр ямар шагналуудаа К.Валиева хураалгах вэ? Ямартай ч түүний амжилтыг хүчингүйд тооцсоноор А.Трусова Оросын (2021-2022), А.Щербакова Европын, В.Яметова Оросын гран пригийн хоёр тэмцээний аварга, К.Синицына Оросын аварга (2022), С.Муравьева мөн Оросын аварга (2022-2023) болох нь тодорхой болж байна.
Төгсгөлд өгүүлэхэд, CAS-ын шийдвэрт гомдол гаргах эрх К.Валиевад байгаа. Хэрэв шийдвэр өөрчлөгдвөл дээр дурдсан медалиудаа орос уран гулгагч эргүүлэн авах боломж бүрдэнэ.
Бэлтгэсэн Н.Энх