Өнгөрсөн оны зун Улаанбаатар хотод болсон их үер нийслэлчүүдийг аливаа гамшиг, эрсдэлд ямар ч бэлтгэлгүйг батлан харуулж, томоохон сургамж өгсөн. Засгийн газрын гишүүд, нийслэлийн удирдлагууд, улс, нийслэлийн Онцгой комиссынхон гээд төрийн холбогдох байгууллагынхан энэ үеэр хөдөлгөөнд орон сандралдаж, дахин ийм байдалд хүргэхгүйн тулд бүхий л арга хэмжээг авна хэмээн мэдэгдсэн юм. Сэлбэ голын голдирол, хамгаалалтын бүс, даланд хууль зөрчин газар олгосон албан тушаалтнууд, барилга, байгууламж барьсан аж ахуйн нэгжүүдэд хатуу хариуцлага тооцно, үерийн эрсдэлийг нэмэгдүүлэхэд нөлөөлсөн хэнбугайг ч, юуг ч “харж үзэхгүй” хэмээн сүрийг үзүүлж байлаа, төр төлөөлж буй хүмүүс. Харамсалтай нь, тэд хэлсэн ярьсандаа хүрсэнгүй, эрсдэлийг бууруулах чиглэлээр юу ч хийсэнгүй. Үерийн эрсдэл зунтай хамт мартагдав.
Голын голдирлыг өөрчлөн барьсан гэх “Авлига хороолол”, “S’outlet” дэлгүүрийн барилгыг ч нурааж хүчрээгүй байна. Стандартын шаардлага хангахгүй гүүр, гүүрэн байгууламжуудаа ч буулгасангүй. Тэр ч бүү хэл, нийслэлийн 2024 оны төсвийг батлахдаа үерийн байгууламжид хуваарилсан хөрөнгийг танаж, хассан. Харин НҮБ-ын Хүүхдийн сан Япон Улсын Засгийн газрын 1.8 сая ам.долларын дэмжлэгээр Улаанбаатар хотын үерийн эрсдэлтэй бүс дэх ариун цэврийн байгууламжийг сайжруулах төслийг энэ онд хэрэгжүүлэх болсноо зарлав. Мөн үерийн усыг зайлуулахад шаардлагатай хэрэгслийг ч ОБЕГ-т нийлүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс өөр дорвитой, гялайж гялтайх ажил үнэндээ алга. Биднийг ийнхүү айсуй гамшгийн эрсдэлийг үл тоон, алмайрч суух хооронд дараагийн томоохон аюул нүүрлэлээ. “Дүнжингарав” худалдааны төвийн уулзварт болсон хийн дэлбэрэлтийн улмаас дөрвөн иргэн (үүний гурав нь онцгой байдлын албаны аврагч) амиа алдаж, олон айл хөхөө өвлийн хүйтнээр орон гэр, хөл залгуулах унаагүй болов. Галд өртсөн 17 хүн үхэл, сэхлийн заагт, өвчиндөө шаналан өдөр хоногийг өнгөрөөж байна. Хэрэв бид энэ явдлаас сургамж авч, алдаа дутагдлаа засаж залруулан, өөрчлөлт шинэчлэл хийхгүй л бол хожим үүнээс ч илүү хохирох эрсдэлтэй. Тиймээс энэ сарын 24-нд болсон аймшигт осол бидэнд юуг сургамжилж үлдээснийг тоймлон хүргэе.
СУРГАМЖ-1
Аврагч, гал сөнөөгчдийн аюулгүй байдал, хангамжийг сайжруулах. Гал команд буюу гал унтраах анги нь бүх нийтийн аюулгүй байдлыг хамгаалах албаны гурван гол чиглэлийн нэгт багтдаг бөгөөд олон улсад хамгийн эрсдэлтэй ажил хэмээн үнэлэгддэг аж. Тэр хэрээр гал сөнөөгчдийн аюулгүй байдал, нийгмийн баталгааг хангах, эрүүл мэнд, сэтгэл зүйг тогтвортой байлгах нь чухалд тооцогддог гэнэ. Харин манай улс алба хаагчдынхаа сэтгэл зүй, эрүүл мэндэд санаа тавих нь байтугай хувцас хэрэглэл, техник, тоног төхөөрөмж зэрэг анхдагч хэрэгцээг нь ч бүрэн хангаж чадахгүй байна.
Аврагч, гал сөнөөгчдийн хувцас хэрэглэлийн хангамж улсын хэмжээнд 35-40, техник, тоног төхөөрөмжийнх 57 хувьтай, дөрвөн алба хаагч дундаа нэг тусгай зориулалтын хамгаалах хувцас дамжуулж хэрэглэдгийг онцгой байдлын албаны удирдлагууд нь хэлсэн. 20 албан хаагч тутмын тав, 100 гал сөнөөгчийн 25 нь л хамгаалалтын хувцастай гэсэн үг. Хийн дэлбэрэлтийн голомтод үүрэг гүйцэтгэсэн аврагч, гал сөнөөгчдийн хувцас хэрэглэл дэндүү зүдрүү, байр байдал нь нүд халтирам байсныг иргэд хэлж буй. Тиймээс гал, усны аюулыг сөрөн тэмцэгчдээ юуны түрүүнд бүрэн “хувцаслах” хэрэгтэй. Объектын буюу ахуйн түймрийн эрсдэл улам нэмэгдэж байгаа энэ үед алба хаагчдаа дундын хувцастай, техник хэрэгсэлгүй байлгана гэдэг үхэл рүү нь санаатайгаар түлхэж буйгаас өөрцгүй юм. Гамшгийн эрсдэлийг бууруулж, аврах ажиллагааг хөнгөвчилдөг техник хэрэгслээр ч тэднийг хангах нь хоолойд тулсан хэрэгцээ болоод байна. Түүнчлэн цалин, урамшууллыг нь олон улсын жишигт нийцүүлж, ар гэр, ахуй амьдралдаа сэтгэл зовохооргүй болгох нь хамгийн чухал. Олон нийтийн сүлжээнд иргэдийн бичиж буйчлан амиа өргөөд бус, ажлаа хийгээд байртай болдог нийгмийг тэдэнд бүтээж өгье.
СУРГАМЖ-2
Стандартын хэрэгжилтийг сайжруулж, олон нийтэд таниулах. Манай улсад байгалийн, нийлэг байгалийн, занарын, давхаргын метан, био гээд бүх төрлийн хийн хангамжтай холбоотой харилцаанд мөрдлөг болгох Хийн хангамжийн сүлжээ, хий, техникийн ерөнхий шаардлага MNS 6660:2017, Аюултай ачаа, ангилал, тээвэрлэлтэд тавих ерөнхий шаардлага MNS 4978:2017 хэмээх стандарт, Шингэрүүлсэн нүүрс-устөрөгчийн хий буюу шингэрүүлсэн шатдаг хийн дүрэм бий аж. Сүүлийн ослын шалтгаан болсон байгалийн шатдаг хийн тээвэрлэлт, нийлүүлэлт, дамжуулалттай холбоотой олон шаардлага эдгээрт байна. Тухайлбал, энэ төрлийн хийг байршил тогтоох төхөөрөмжтэй, тусгай тоноглол бүхий машин, зөөврийн зориулалттай хийн даралтат саваар тээвэрлэх зохицуулалттай бөгөөд физик гэмтлээс хамгаалах нэмэлт эд анги, туслах хэрэгсэл, хамгаалалтын бүрхүүл (хүзүүвч) зэргийг зайлшгүй хийсэн байх ёстой гэнэ. Хий нь аюултай ачаанд тооцогддог учир тээвэрлэхдээ авто хэрэгслийн урд болон хойно, агуулж буй саван дээр нь “Аюултай ачаа” гэсэн таних тэмдэг байршуулахаас гадна НҮБ-аас тогтоосон аюултай бодисын ангиллын дагуу (UN number) дугаар тавихыг шаарддаг байна.
Эдгээр стандарт, дүрэм, журмын хэрэгжилтэд өмнө нь МХЕГ хяналт тавьдаг байсан бол өдгөө УУХҮЯ, АМГТГ, ОБЕГ-т хамаарах болжээ. Харин тээвэрлэлтэд нь ОБЕГ, АТҮТ, Тээврийн цагдаагийн алба болон хийн аж ахуй эрхлэгч байгууллагын дотоод хяналтын алба тогтмол хяналт тавих ёстой аж. Энэ байгууллагууд стандартыг мөрдүүлэх, хэрэгжилтийг нь хянах чиглэлээр хэрхэн ажилладаг нь бүрхэг. Харин цаашид онцгой анхаарах шаардлагатайг сүүлийн осол харуулав. Түүгээр зогсохгүй олон нийтэд сурталчлан таниулж, мэдүүлэх хэрэгтэй. Ингэж байж иргэд шаардлага тавьдаг, хариуцлага нэхдэг, гамшиг, ослын үед амиа хамгаалах чиг баримжаатай болно. Наанадаж л хий тээвэрлэж яваа машиныг таньдаг, замын хөдөлгөөнд сэрэмжтэй оролцдог юм. Хийн талаар ойлголт, мэдлэгтэй болсон хүн дэлбэрэлтийн үед утсаараа бичлэг хийгээд зогсохгүй нь лавтай. “Дүнжингарав”-ын дэлбэрэлтийн үеэр зарим иргэн ингэж хэнэггүйтсэн.
СУРГАМЖ-3
Эрт сэрэмжлүүлэх системийг хөгжүүлэх. Аливаа гамшиг, аюулт үзэгдлийг эрсдэл багатай даван туулах гол аргуудын нэг нь эрт сэрэмжлүүлэх систем гэж үздэг. Гэнэтийн осол аваарыг урьдчилан тааварлаж, сэрэмжлүүлэх боломжгүй ч дараа нь цаг алдалгүй мэдээлж, иргэдийг хамгаалж болно. Техник, технологи өндөр хөгжсөн өнөө үед сэрэмжлүүлэг хүргэх суваг, сүлжээ улам баяжсан. Гар утас, зурагт, радио зэрэг уламжлалт хэрэгслээс гадна мэдрэгч бүхий дуут дохио ашигладаг жишиг цөөнгүй байна. Мөн гудамж, талбайд байгаа, ослын голомтод буй иргэдийг эрсдэлээс хамгаалахын тулд чанга яригчаар сэрэмжлүүлэг түгээж, зохион байгуулалт хийдэг туршлага Япон зэрэг гамшгийн менежмент сайтай оронд байдгийг эх сурвалж хэллээ.
Манайд бол гамшгийн дадлага сургуулилалтын үеэр л дуут дохио дуугаргадаг. Газар хөдлөлт, гал, усны аюул, томоохон ослын үеэр ажиг сураггүй байдаг. Цагдаа, түргэний тэрэгний дуут дохио л үе үе хангинадаг. Иргэдэд сэрэмжлүүлэг, мэдээлэл ч хангалттай түгээдэггүй. Жишээлбэл, сүүлд болсон ослын үеэр албаныхан хий дэлбэрснийг мэдсэн даруйдаа нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр сэрэмжлүүлэг хүргэж, ослын голомт дахь иргэдтэй чанга яригчаар “харилцах” боломжтой байсан юм. Магадгүй ингэсэн бол нэг ч гэсэн хүнийг эрсдэлээс хамгаалах байсан болов уу.
СУРГАМЖ-4
Эрсдэлийн үнэлгээ, хяналт шалгалт хийх. Аюултай ачаа тээвэрлэх стандартад “Тээвэрлэлтийн маршрутыг тодорхойлохдоо хөдөлгөөний урсгал, бартаа саад зэргийг харгалзан сонгож, зорчих цаг хугацаагаа орон нутгийн онцгой байдлын болон цагдаагийн байгууллагад урьдчилан мэдэгдэж, аюулгүй байдлын чиглэл авсан байх ёстой” гэжээ. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн аюултай бодис тээвэрлэдэг маршрутын талаарх мэдээллийг бүртгэдэг бололтой. Мэдээж энэхүү стандартыг мөрддөг бол шүү дээ. Хэрэв ийм дата мэдээлэл буй бол холбогдох байгууллагынхан аюултай ачаа тээвэрлэдэг давтамжит маршрутын дагуу, мөн хийн агуулах, түгээх станц, ШТС-уудын ойр орчмын суурьшлын бүс, барилга, байгууламжийн аюулгүй байдлыг үнэлж, арга хэмжээ авах хэрэгтэй. Нэг ёсондоо нийслэлийн аль бүсэд энэ төрлийн аюул эрсдэл өндөр байгааг тогтоож, үүнийхээ дагуу урьдчилан сэргийлэх ажил хийх юм. Зайлшгүй нөхцөлд нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлөх зэрэг арга хэмжээг ч хэрэгжүүлэх боломжтой. Хэрэв ийм эрсдэлийн зураглалтай болчихвол иргэд, олон нийт ч өөрсдөөсөө шалтгаалах зүйлийг хийх болов уу.
СУРГАМЖ-5
Иргэд, олон нийтийг гамшигт бэлдэх. Япончууд байгалийн гамшиг, аюулт үзэгдлийн эрсдэлийг бууруулах гол хүчин зүйл нь бэлтгэгдсэн хүн ам буюу мэдээлэлтэй иргэд гэж үздэг юм билээ. Нээрэн л гамшиг, ослын талаар мэдлэг, ойлголттой, сэтгэл зүйн бэлтгэлтэй байж гэмэ энэ аюул тохиосон үед зөв алхам хийнэ, амь, эрүүл мэндээ эрсдэлээс хамгаална. Хийн дэлбэрэлтээс үүдэн “Эдү апартмент”, “Санни таун” хотхоны орон сууцад гал гарахад оршин суугчдын олонх нь айж сандарсандаа өмссөн хувцастайгаа, зарим нь нүцгэн шахам гадаа гарсан. Мөн зарим иргэн цахилгаан шат ашиглан нэгдүгээр давхар луу бууснаа хэлж буй. Хэрэв иргэд газар хөдлөлт, гал түймрийн эрсдэлээс сэргийлэх, аюул тохиосон үед авах арга хэмжээний талаар наад захын ойлголт, мэдлэгтэй байсан бол ийм болчимгүй алхам хийхгүй байв. Гамшиг, ослын үед цахилгаан шат ашиглах нь нэн эрсдэлтэйд тооцогддог.
Мөн бүх төрлийн аюул, ослоос урьдчилан сэргийлэх анхны тусламжийн болон амь дүйсэн үед ашиглах анхдагч хэрэгцээ (хүнс, хувцас хэрэгсэл)-ний зүйлсийг байнга бэлэн, гарт ойр байлгахыг олон улсын байгууллагуудаас иргэдэд зөвлөдөг юм. Бүх нийтийг гамшгаас хамгаалах чиг үүрэгтэй байгууллагууд иргэдийг энэ чиглэлийн заавар, зөвлөмжөөр хангахад санаа тавьдаг. Манай улсын хувьд ОБЕГ, Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний болон орон нутгийн зөвлөлд эл үүрэг чиглэл ногдож буй ч үүнийг ер хэрэгжүүлдэггүй. ОБЕГ-ын дэргэдэх Гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвийнхөн цаашид үйл ажиллагаандаа онцгой анхаарч, “Гамшиг, ослын үед хэрхэх вэ” гэдэг чиг баримжааг иргэдэд олгох хэрэгтэй. Мөн гамшгаас хамгаалах менежментийн сургалтыг зөвхөн их, дээд сургууль, аж ахуйн нэгж, байгууллагаар хязгаарлах биш, цэцэрлэг, дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт тусгаж, айл өрх, иргэн бүрд энэ талын ойлголт, мэдлэг олгоход анхаарвал зохистой.
СУРГАМЖ-6
Орон сууцын хотхон, хороолол руу саадгүй нэвтрэх боломжийг бүрдүүлэх. Шинэ оны өмнө буюу өнгөрсөн сарын 19-нд Хан-Уул дүүргийн нэгэн орон сууцад түймэр гарахад гал команд, түргэн тусламжийн машин дотогш нэвтрэх гэж багагүй хугацаа алдсаныг оршин суугчид нь болон онцгой байдлын албаны хүмүүс хэлж байв. Тэгвэл “Санни таун”, “Эдү апартмент” хотхонд гарсан түймрийн үеэр ч ийм бэрхшээл тулгарлаа. Гал унтраах ангийн машин хотхоны гарцанд тэгнэгдээд гацчихсан, наашаа ч үгүй, цаашаа ч үгүй болчихсон байгаа агшны зураг нийгмийн сүлжээнд тархсан. Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахаар минут, секундтэй уралдан ирж байгаа хүмүүсийн замд ийм байдлаар саад учруулах нь дэндүү хариуцлагагүй үйлдэл.
Автомашины зогсоол, зай, талбайн хүрэлцээ зэргээс үүдэн ихэнх хотхон, хороолол орц, гарцаа хаалттай, зөвхөн оршин суугчдаа нэвтрүүлдэг чиптэй болгосон байдаг. Мөн зарим бүдүүлэг жолооч орц, гарц хааж машинаа байрлуулах нь бий. Энэ алдаатай үйлдэл, буруу хандлага иргэдийг аюулд унагаж эхэлснийг сүүлийн хоёр үйл явдал тод харуулав. Оршин суугчдынхаа аюулгүй байдлыг хангах үүрэгтэй СӨХ болон орон сууцын конторууд, иргэдийг гамшгаас хамгаалах ёстой байгууллагынхан хотхон, хорооллуудыг хэрсэн хаалтуудыг буулгахад, ядаж цагдаа, онцгой, эмнэлгийн байгууллагынхан саадгүй нэвтэрдэг болгоход анхаарах хэрэгтэй. Мөн Улсын комисс шинээр ашиглалтад оруулж буй барилга, байгууламжийг хүлээж авахдаа зохион байгуулалт, төлөвлөлтөд нь онцгой анхаарч, стандартын шаардлага хангаж байгаа, эсэхийг сайтар хянах нь чухал.
Орон сууцын дотоод зохион байгуулалтад ч анхаарах шаардлагатай байна. Гамшиг, осол тохиосон үед оршин суугчид хаагуур гарвал тохиромжтой, хаана хамгийн аюулгүй гэдгийг зааж өгөх нь тэднийг болчимгүй алхам хийхээс сэргийлэх ач холбогдолтой. Яг л агаарын тээврийн компаниуд нислэг үйлдэх бүрдээ зорчигчдод онгоцны аюулгүйн гарцыг зааж өгдөг шиг.
СУРГАМЖ-7
Онцгой байдлын байгууллагыг мэргэжлийн удирдлагаар хангах. Сүүлийн ослын үеэр хийн дэлбэрэлтийн голомт буюу аюултай ачаа тээвэрлэсэн машин буй газар луу аврагч, гал сөнөөгчдийг илгээсэн нь, түймрийг унтраах гэж яаран хөдөлсөн нь Улсын онцгой комисс, онцгой байдлын албаны удирдлагуудын алдаатай шийдвэр байсныг мэргэжлийн хүмүүс хэлж байна. Гамшиг, ослын үед оновчтой арга хэмжээг хэрэгжүүлж, ард иргэд төдийгүй алба хаагчдаа эрсдэлээс хамгаалах нь удирдлагын ур чадвараас шууд хамаарна. Юуны түрүүнд бодит нөхцөл байдлаа үнэлж, хариу арга хэмжээний тактик, төлөвлөгөө боловсруулах, үүндээ үндэслээд хүн хүчээ хуваарилан зохион байгуулах гээд олон чадвар шаардана. Гамшиг нь дотроо олон төрөлтэй учраас үүний эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээ нь ч харилцан адилгүй.
Гамшгаас хамгаалах тухай хуульд “Гамшгийн онцгой нөхцөл байдлын үед гамшгаас хамгаалах үйл ажиллагааг нэгдсэн удирдлага, зохицуулалтаар хангах, шийдвэр гаргах, шуурхай зохион байгуулах, хяналт тавих эрх бүхий Улсын онцгой комиссыг Засгийн газар, аймаг, сум, нийслэл, дүүргийн Онцгой комиссыг тухайн шатны Засаг дарга байгуулна” хэмээн заасан байдаг. Тэгэхээр сүүлд тохиосон ослын үед Засгийн газар, нийслэлийн удирдлагууд ч менежментийн алдаа гаргасан гэж дүгнэж болохоор байна. Ер нь ийм үед ажлын хэсэг байгуулахдаа мэргэжлийн байх гэдэг шалгуур, шаардлагыг үл хэрэгсэж, хэн дуртайгаа томилдог жишиг тогтсон. Цаашид энэ хандлагыг халах хэрэгтэй. Наанадаж л гамшгаас хамгаалах, онцгой байдлын үед үүрэг гүйцэтгэх чиг үүрэгтэй гол байгууллагыг мэргэжлийн хүнээр удирдуулах шаардлага тулгараад байна. ОБЕГ-ын одоогийн удирдлагуудын олонх нь мэргэжлийн бус, цэргийн салбарын хүн байдаг юм билээ.
СУРГАМЖ-8
Хариуцлагын тогтолцоо бүрдүүлэх. Хамгийн чухал нь энэ. Хэн нэгний алдаа, буруу шийдвэр, хариуцлагагүй байдлаас болж нийгэмд ноцтой хохирол учирсан бол гэм буруутай этгээдүүдэд заавал хариуцлага тооцох учиртай. Бид олон зүйлийг өнгөрөөж, өөгшүүлж ирсэн. Үүнийхээ горыг хожим хойно нь хэд дахин “нугалж” амсаж байгаа. Хариуцлага тооцохгүй бол тогтолцоо өөрчлөгдөхгүй, асуудал шийдэгдэхгүй, өөрчлөлт, дэвшил гарахгүй. Хэн нэгнийг хариуцлагаас бултуулна гэдэг түүнийг дахин алдаа гаргахыг хүлээн зөвшөөрч, боломж олгож буйгаас ялгаа гүй. “Дүнжингарав” худалдааны төвийн уулзварт болсон дэлбэрэлтийн тухайд гэхэд осол гаргасан жолооч нарын гэм бурууг тогтоож, хариуцлага тооцох нь мэдээжийн хэрэг. Мөн энэ ослын үед мэргэжлийн алдаа гаргаж, оновчтой арга хэмжээ авч чадаагүй удирдах түвшний албан тушаалтнуудад ч хариуцлага үүрүүлэх учиртай. Сайд, дарга нарт хариуцлага тооцдог тогтолцоог бүрдүүлж байж бид илүү хариуцлагатай нийгмийг бүтээнэ.