“Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлийн дунд хугацааны (2024-2035) эрэлт, нийлүүлэлтийн таамаглал” судалгааны үр дүнг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас өчигдөр танилцууллаа. Эл судалгааны онцлох үр дүн нь манай улсын хөдөлмөрийн зах зээлд голлох үүрэг гүйцэтгэж буй 15-64 насныхан дотооддоо бус, гадаадад ажиллах сонирхолтой байгааг тогтоосон нь аж. Тухайлбал, энэ насныхны 67 хувь нь “Хэрэв боломж байвал гадагшаа явж ажил хийх сонирхолтой” гэсэн байна. Үүний шалтгаан нь нэгдүгээрт манайд цалин, орлого бага байгаатай холбоотой гэнэ. Учир нь ажиллах хүчний бодит цалин сүүлийн 10 жилд дорвитой нэмэгдээгүй гэж судалгааны багийнхан үзсэн байна. Бодит цалинг энгийнээр тодорхойлбол иргэдийн худалдан авах чадварт тулгуурласан орлогын хэмжээ юм. Үүнээс гадна байгаль орчны доройтол, хотын агаарын бохирдол зэрэг нийгмийн асуудал нь залуус гадаад руу “дүрвэх” шалтгаан болжээ.
Манай улсын хөдөлмөрийн зах зээлд бүтээмж маш бага гэдгийг дээрх судалгаагаар тогтоожээ. Үүний гол шалтгаан нь бид технологи маш бага ашигладагтай холбоотой аж. Түүнчлэн технологи ашиглах мэргэжилтэн ч бага бэлтгэдгээс шалтгаалдаг юм байна. Тухайлбал, сүүлийн 15 жилийн хугацаанд худалдаа, бизнесийн удирдлагын мэргэжлийг хамгийн олон буюу 117 000 гаруй хүн эзэмшжээ. Тэгвэл технологи бүтээдэг, түүнийг ашигладаг инженер 53 000 гаруйг бэлтгэсэн байна. Цаашид хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлэхийн тулд инженер олноор бэлтгэх шаардлагатайг судлаачид зөвлөлөө.
Бэлтгэсэн Ч.Зул