Улаанбаатарт өнгөрсөн ням гаргаас даваа гарагт шилжих шөнөөс эхлэн шатахуун түгээх станцуудын (ШТС) гадаа дараалал нэмэгдсэнийг иргэд олон нийтийн сүлжээнд бичиж буй. Нэгэн жолооч “Манайх Баянзүрх дүүргийн V хороонд байдаг. Өнгөрсөн ням гарагт гэрийнхээ ойролцоох “Сод Монгол”, “Петровис”, “Шунхлай” ШТС-аас АИ-92 шатахуун авах гэсэн ч “Байхгүй. АИ-95 бензин авч болно” гэсэн. Харин “Магнай трейд”-ийн түгээгч “АИ-92-ыг талонтой хүмүүст л өгч байгаа гэж хэлсэн. Гэхдээ өнөөдөр (өчигдөр) “Сод Монгол”-ын ШТС-д лав АИ-92 шатахуун зарж байна лээ” хэмээв. Түүнчлэн Өмнөговийн нэгэн иргэн уржигдар “АИ-92 шатахуун дууссан гээд өгсөнгүй” хэмээн ярьсан юм.
Шатахууны импортын талаар АМГТГ-аас тодруулахад “Нөөц, худалдан авалт хэвийн байгаа” гэв. Тус газраас мэдээлснээр Монгол Улс энэ сарын 1-29-ний хооронд Сүхбаатар боомтоор ОХУ-аас 1193 вагон буюу 71 580 тонн АИ-92 бензин импортолжээ. Энэ нь өнгөрсөн оны сарын дундаж хэрэглээтэй харьцуулахад 30 орчим хувиар өссөн үзүүлэлт аж. 2023 онд нийт 604 мянган тонн АИ-92 бензин импортолсон бөгөөд сарын дундаж хэрэглээ 50 орчим мянган тонн байсныг мөн дурдлаа. Эргэн сануулахад, Улаанбаатарт өнгөрсөн арванхоёрдугаар сарын 9-нөөс эхлэн 20 орчим хоногийн турш ШТС-уудын гадаа урт дараалал үүсэж, иргэдийг бухимдуулсан билээ.
Бэлтгэсэн Б.Сонор