УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зоригийн амийг Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын хамт хөнөөсөн хэмээн мэдүүлж, олны анхааралд өртөж байсан Ц.Амгаланбаатар ШШГЕГ-ын харьяа Багануур дахь 427 дугаар хаалттай хорих ангид хүмүүжиж байгаа аж. Тэрбээр тус ангид хамт хүмүүжиж буй нэгэн хүний эрүүл мэндэд хохирол учруулсан хэрэгт холбогдоод буй гэнэ.
Ц.Амгаланбаатар “Тагнуулын мөрдөгч нарын дарамт шахалт, эрүү шүүлтийн улмаас Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг хилс хэрэгт гүтгэж, С.Зоригийн амийг бүрэлгэсэн гэж худал мэдүүлэг өгсөн. Би ч өөрөө энэ хэрэгт холбогдолгүй” гэж ярьсан байдаг. Гэхдээ өмнө үйлдсэн, хүний амь бүрэлгэсэн болон эрүүл мэндэд хүнд хор уршиг учруулсан гэсэн хоёр ч хэргийнхээ ял шийтгэлийг эдэлж буй юм. Харин түүний бусдыг гүтгэсэн үйлдлийг нь Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулж хэрэгсэхгүй болгосон аж.