“Монголросцветмет”-ийн харьяа “Шижир алт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан О.Баттөмөрт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хэлэлцлээ. Улмаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн хэргийг нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорын хяналтад буцаах захирамжийг хүчингүй болгож, тус шүүхээр О.Баттөмөрийн гэм буруутай, эсэхийг дэнслүүлж шийдвэрлүүлэхээр буцаалаа. Түүнийг АТГ-ынхан үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх хэрэгт нэлээд удаан хугацаанд шалгаж, НПГ-аас Эрүүгийн хуулийн 22.10-1-т заасан “Нийтийн албан тушаалтны хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь үндэслэлгүй болох нь тогтоогдсон” гэсний дагуу яллах дүгнэлт үйлдсэн юм. Мөн ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр бараа, ажил, үйлчилгээ худалдан авсан, эхнэрийнхээ нэр дээр бүртгэлтэй компани болон тээврийн хэрэгслийг ХАСХОМ-тээ бүртгүүлээгүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй зэрэг хэд хэдэн үйлдэлд холбогдуулж шалгасан байдаг. Улмаар алт олборлох зориулалттай “Драга-250” машинт төхөөрөмжийг зах зээлийн үнээс хэт хямдаар Монгол, Солонгос иргэдийн хамтарсан “Чингисийн өвөр” гэх аялал жуулчлал, гадаад худалдааны компанид зарсан хэрэгт холбогдуулж байсан.
Хамгийн сүүлд О.Баттөмөрийг “Шижир алт” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа 800 сая төгрөгийн үнэлгээтэй, Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг, Зайсанд байрлах “Роял каунти” хотхон дахь 200 ам метр талбайтай орон сууц, автомашины хоёр ч зогсоол зэрэг үл хөдлөх хөрөнгийн эх үүсвэрийг тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж буруутгасан. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-нд О.Баттөмөрийн хэргийг товлон хэлэлцээд, гэрч О-ын мэдүүлэг үндэслэлтэй эсэхийг шалгах, нэр бүхий иргэнээс гэрчийн мэдүүлэг авах зэрэг ажиллагааг мөрдөгчөөр хийлгэх шаардлагатай гэж дүгнэсэн аж. Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дурдсан ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой гэж үзэн НПГ-ын хяналтын прокурор Г.Эрдэмбаатарын бичсэн эсэргүүцлийг хүлээн авсан юм.