“Трансперенси интернэшнл” байгууллагаас “Авлигын төсөөллийн индекс 2023”-ыг дэлхий дахинд зарлалаа. Үүгээр манай улс 180 орноос 33 оноотойгоор 121 дүгээрт эрэмбэлэгдсэн нь түүхэн муу үзүүлэлт юм. Уг индексээр улс орнуудыг 100 хүртэл оноогоор үнэлдэг бөгөөд 2022 онд Монгол Улс мөн 33 оноо авсан нь хамгийн багад тооцогдож байв. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн нэг жилд бид оноогоо ахиулж чадаагүй төдийгүй өмнөхөөсөө байр ухарлаа. Монголын үзүүлэлт сүүлийн жилүүдэд тогтмол буурч буй бөгөөд 2015 оноос хойш зургаан оноо алдсан байна. Ингэснээр өнгөрсөн 10 жилд оноо нь хамгийн их буурсан зургаан орны нэг болж байна. Тодруулбал, эл “ангилал”-д Шри Ланка дөрөв, Турк 11 оноо алдсанаараа багтсан байгаа юм. Түүнчлэн дээрх хугацаанд Узбекистан 15, Танзани, Украин тус бүр 10 оноо ахиулж, авлигын эсрэг амжилттай ажилласныг нэрлэв.
Үүнээс гадна Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын дундаж оноо 45 байгаагаас манайх доогуур гэсэн үг. Бас посткоммунист орнуудтай харьцуулбал дунджаас нь хоёр оноогоор бага байгаа аж. Харин дундаж болон дунджаас доогуур орлоготой орнуудын авсан онооны дундаж нь 33 байгаа бөгөөд ийм 50 улс бий гэнэ. Нөгөө талаас ардчилсан бус улсуудын үнэлгээний дундаж нь 32 оноо байгаа нь анхаарал татав.
Уг индексийг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 13 эх сурвалж буюу судалгаа, үнэлгээнд тулгуурлан гаргадаг. 2023 оны хувьд эдгээрээс долоод нь тулгуурлан манай улсыг үнэлжээ. Тухайлбал, Дэлхийн эдийн засгийн форум, Дэлхийн банк (2013 оноос хойш хийгээгүй)-ны эх сурвалжид манайх багтаагүй аж. Эдгээрээс “World justice project” байгууллагаас гаргадаг хуулийн засаглалын индекс болон “Varieties of democracy” байгууллагын ардчиллын үзүүлэлтээр манайх 2-3 оноо буурсан нь авлигын төсөөллийн индексийн оноо ахихгүй байхад голлон нөлөөлжээ. “Трансперенси интернэшнл Монгол” ТББ-аас дээрх индексийг зарлах үеэр тус байгууллагын зөвлөх Д.Тэгшбаяр “Юуны түрүүнд, төрийн анхан шатны байгууллагын мэдээлэл хомс байна. Хоёрдугаарт, Монгол Улс “Ковид-19”-ийн үеэс эхлэн иргэдийнхээ мэдэх эрхийг хангахгүй, хангалттай ажиллахгүй байгааг 2023 оны индекс нотоллоо. Шийдвэр гаргах үйл явцад иргэдийн оролцоо хангагдахгүй байгааг дахин анхааруулж байна. Мөн төрийн албан хаагчдыг чадавхжуулах, мэргэшүүлэх, тэр дундаа хүний эрхийн мэдрэмжтэй ажиллахыг бидэнд “Трансперенси интернэшнл” байгууллагаас зөвлөмж болголоо. Авлигатай тэмцэх тогтолцоондоо зайлшгүй анхаарах шаардлагатай” хэмээн онцолсон юм.