БОАЖЯ-ны харьяа Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн байгаль, ан амьтны музейнхэн үзмэрийнхээ тоог нэгээр нэмж, хүрэн баавгай “нутагшуулжээ”.
Хүүхэд, залууст экологийн боловсрол олгох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тус төвийн музей нь хөхтөн, загас, мөлхөгч, хоёр нутагтан, шувуу, шавжийн 51 зүйлийн 150 гаруй амьтны биет үзмэртэй гэнэ. Үүнийгээ хамгийн сүүлд урлаач Д.Отгонсайханы бүтээлээр баяжуулсан нь хүрэн баавгайн чихмэл аж. Ингэснээр хүүхэд, залууст эл амьтны экологи, биологи, физиологийн онцлогийг тайлбарлан таниулах боломж бүрджээ.
Уг чихмэлийг хийхдээ хууль бус агнуурт өртсөн баавгайн арьсыг ашигласан байна. Үүнийг байгаль орчин, уур амьсгалын сангийнхан Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд хүлээлгэж өгсөн бөгөөд гурван жилийн дараа ийнхүү биет үзмэр болгож, музейдээ байршуулжээ.
Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг, Зайсангийн гудамжид, ХААИС-ийн эсрэг талд байрлах байгаль, ан амьтны музей нь хүүхэд багачуудад үнэ төлбөргүй үйлчилдгээрээ онцлог. Эднийх жилд дунджаар 12-20 мянган үйлчлүүлэгч хүлээн авдаг гэнэ. Даваагаас баасан гарагт 08.00-17.00 цагт ажилладаг. Хүүхэд, залуус анги, хамт олноороо, найзуудаараа гээд олуулаа үйлчлүүлэх тохиолдолд л урьдчилж цаг авдаг юм байна.
Бэлтгэсэн И.Мишээл