Нийтийн тээврээр зорчих үед хэн нэгэн утсаар чанга ярих нь Улаанбаатарт аль ч автобуснаас харж болох дүр зураг. Тухайн этгээд дэлхий дахины хов живээс авхуулаад айл гэрийн хэрүүл маргаан, хүндрэл бэрхшээл зэрэг түмэн асуудлыг чалчих нь ч бий. Түүгээр зогсохгүй гэнэт дүрстэй дуудлага хийж, цаад хүнийхээ яриаг утасныхаа чанга яригчаар хашхируулах нь ч түгээмэл. Ийм балмад явдлыг нь бусад зорчигч тэвчин хүлцэж, дургүй байсан ч дуугүй өнгөрөх тохиолдол олон. Бас уйдаж ядсан жолооч туулах замын чинь турш утсаар ярьж залхаасан тохиолдолтой зорчигчид нэг бус удаа таарсан биз ээ. Түүнчлэн утасныхаа дууг чангалчхаад, бичлэг, кино үздэг зорчигч ч цөөнгүй.
Цаашид эдгээр асуудлыг дуугүй өнгөрөөмөөргүй байна. Аль ч оронд бусдад саад учруулахгүй, оршихуйд нь халдахгүй байх соёл хүчтэй дэлгэрч буй. Тэртэй, тэргүй хүмүүс стресс, бухимдал дүүрэн орчинд ажиллаж, амьдарч байгаа. Тиймээс ядаж олон нийтийн газар, ялангуяа нийтийн тээвэр нь хүний стресс, бухимдлын шалтгаан болох ёсгүй гэсэн бичигдээгүй хууль ч зарим улсад үйлчилж байна.
Жишээ нь, Япон Улсын нийтийн тээвэрт мөрддөг дүрмүүдээс хүргэе. Хууль болгон бичээгүй, тунхаглаагүй боловч тус улсын аль ч хотын нийтийн тээвэрт хүн бүр ягштал мөрддөг хэд хэдэн зүйл бий гэнэ. Нэн түрүүнд нийтийн тээвэрт утсаар ярихгүй гэдэг нь япончуудын хувьд хэдийн хэвшил болсон дадал аж. Үүнийг зөрчвөл бусад хүн таныг эвэртэй туулай үзсэн мэт харна. Хоёрдугаарт, найзтайгаа, танилтайгаа хамт яваа бол хоорондоо чанга ярьж болохгүй. Ер нь зайлшгүй шаардлагагүй бол хоорондоо ярихгүй байх нь зүйтэй юм байна.
Сурагчид, оюутнуудаас эхлээд ч нийтийн тээвэрт явахдаа том үүргэвч үүрсэн хүн цөөнгүй. Улаанбаатар хотын автобусанд багталцаж ядаж явахад том үүргэвч үүрсэн хүн төвөгтэй санагдах нь бий. Тэгвэл Японд үүргэвчтэй бол заавал урдаа авч явна гэсэн дүрэмтэй. Үүнийг ч манай хотод хэвшүүлж яагаад болохгүй гэж. Мэдээж хамгийн чухал дүрэм бол нийтийн тээвэрт явахдаа бусдын биед хүрэхгүй байх юм. Автобусанд олуулаа шахцалдаж яваа үед санаатай болон санамсаргүйгээр бусдын биед хүрэх, зарим тохиолдолд хэн нэгнийг налах зэрэгтэй нийслэлийн нийтийн тээврээр үйлчлүүлэгчид бишгүй тулгардаг. Хэрэв Японд ийм зүйл болбол буруутай этгээдэд хэрэг үүсгэн шалгадаг юм билээ.
Улаанбаатар хотын нийтийн тээвэрт нэн тэргүүнд дээрх дүрмүүдийг нэвтрүүлмээр байна. Гэхдээ яаж хэрэгжүүлэх вэ гэдэг асуулт тулгарч байгаа биз. Зорчигчид “Автобусанд явахдаа утсаар ярьж болохгүй” гэж буруутай этгээдэд хэлбэл төдийлөн ойлгохгүй, харин ч хэрүүл үүсэх шалтгаан болж мэднэ. Тиймээс хариуцсан байгууллагууд нь үүнд зориуд анхаарвал яасан юм бэ. Үүний тулд утсаар ярихгүй, бусдад саад болохгүй байх талаарх зөвлөмжүүдийг автобусны эргэн тойронд нааж болно шүү дээ.
Бэлтгэсэн М.Оч