Гадаадын иргэний бүртгэл, хяналтыг сайжруулах, төрийн үйлчилгээг цахимжуулах зорилгоор Гадаадын иргэн, харьяатын газраас Монгол Улсын визийн зөвшөөрлийн загварыг шинэчлэн баталж, 2024 оны нэгдүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн визний зөвшөөрлийг цахим хэлбэрээр олгохоор боллоо.
Өмнө нь визний зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар хүлээн авч, зөвшөөрөгдсөн тохиолдолд визний зөвшөөрлийг цаасан хэлбэрээр хэвлэж, кодыг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын бүртгэлтэй и-мэйл хаягаар илгээж байсан. Цахим хэлбэрт шилжсэнээр и-мэйл хүлээх шаардлагагүйгээр цахим үйлчилгээний нэгдсэн системд өөрийн бүртгэлтэй хаягаар нэвтэрч, цахим визний зөвшөөрлөө шалгах боломжтой. Тодруулбал, уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагын илгээсэн хүсэлт зөвшөөрөгдсөн тохиолдолд хүсэлт гаргагчийн бүртгэлтэй цахим хаягаар мэдэгдэл очино. Мэдэгдэл очсоны дараагаар isf.mn цахим үйлчилгээний нэгдсэн системээс уригдагч гадаадын иргэн болон уригчийн мэдээлэл, визийн ангилал, төрөл, визийн хүчинтэй хугацаа, Монгол Улсад байх хугацаа, виз олгох газар зэрэг бүх төрлийн мэдээллийг багтаасан QR бүхий цахим визийн зөвшөөрлийг татаж авах нөхцөл бүрдэнэ.
Визний зөвшөөрөл гэдэг нь виз олгох эрх бүхий байгууллагаас Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газар, хилийн боомтод гадаадын иргэнд виз олгохыг зөвшөөрч олгосон баримт бичиг юм. Мөн Гадаадын иргэн, харьяатын газраас олгосон визийн зөвшөөрлийг хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд isf.mn нэгдсэн системээс хянаж, виз олгоно.
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрсөн онд гадаадын 44 831 иргэнд визийн зөвшөөрөл олгожээ. Харин визний зөвшөөрлийг ийнхүү цахимд шилжүүлснээр дээрх тооны хэвлэх бичиг хэргийн зардлыг бууруулж, гарын үсэг зурж баталгаажуулах, скайнердаж хүсэлт гаргагчид илгээх зэрэг олон шат дамжлагууд багасна.