Архангай аймгийн Ихтамир сумд энэ сарын 26-наас эхлэн гурван удаа газар хөдөллөө. Сүүлийн тохиолдол нь өчигдөр 05.27 цагт бүртгэгдсэн байна. Газар хөдлөлтийн хүч 3.5 магнитуд байжээ. Үүнээс өмнөх хоёр тохиолдол нь илүү хүчтэй буюу 4.3, 4.4 магнитуд байсан аж. Тодруулбал, дээрх байршилд энэ сарын 26-ны 08.12, 23.15 цагт газар хөдөлсөн. Тухайн үед чичирхийлэл нь ойр орчимд нь оршин суудаг иргэд болон нийслэлийн зарим хэсэгт ч мэдрэгдсэн бөгөөд ямар нэгэн хохирол учраагүй гэнэ. Харин өчигдөр үүссэн газар хөдлөлтийн улмаас иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй аж. Нэг байршилд ийнхүү ойрхон хугацаанд газар гурван удаа хүчтэй хөдөлсөн нь сүүлийн үед ажиглагдаагүй үзэгдэл боллоо. Үүнээс өмнө нь 2021 онд Хөвсгөл аймгийн Ханх сумд нэг байршилд богино хугацаанд олон удаа газар хөдөлсөн тохиолдол бүртгэгдэж байв.