“Боловсролын орчин дахь хүүхдийн эрх, хамгаалал, эрүүл мэндийн зан үйлийн судалгаа-2023”-ын дүнг өчигдөр олон нийтэд танилцууллаа. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын болон Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын Хүүхдийн сан зэрэг төрийн болон олон улсын байгууллагынхан хамтран үндэсний хэмжээнд, түүврийн аргаар уг судалгааг хийжээ. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн аргачлалаар хийсэн уг судалгаанд ерөнхий боловсролын сургуульд суралцдаг 13-17 насныхныг хамруулсан байна. Судалгаанд оролцсон дөрвөн хүүхэд тутмын нэг нь сургуулийн орчин аюултай хэмээн дүгнэсэн гэнэ.
Хүүхдүүд гэр бүлийнхэндээ туслах болон бусад шалтгаанаар хөгжлийн үйл ажиллагаанаас хоцрогдох тохиолдол түгээмэл байгааг судалгаагаар илрүүлсэн аж. Тухайлбал, таван суралцагч тутмын нэг нь гэрийнхэндээ туслах, дүүгээ харах, мал хариулах зэрэг шалтгаанаар сургуулиас гадуурх хөгжлийн үйл ажиллагаанд хамрагдаж чаддаггүй гэжээ. Зуны хугацаанд хүүхдүүдийн 35.6 хувь нь гэртээ байж, дуртай зүйлээ хийж амардаг гэж хариулсан байна. Тэгвэл 23.6 хувь нь хөдөө явж, мал маллах ажилд тусалдаг хэмээжээ. Тэднээс дөнгөж 4.7 хувь нь хөгжлийн хөтөлбөрт хамрагдаж чаддаг гэсэн аж. Үлдсэн хувь нь амралтаараа гэр бүлийнхээ бизнест тусалдаг гэнэ. Ер нь хүүхдийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаа манай улсад хангалтгүй байгааг судалгааны багийнхан тогтоожээ. Жишээ нь, өсвөр насныхнаас бүлэг, хамтлаг, клуб зэрэг хүүхдийн хөгжлийг дэмжихэд чиглэсэн байгууллагын үйл ажиллагаанд сүүлийн 12 сарын хугацаанд оролцсон, эсэхийг нь лавлахад 60 орчим хувь нь “Үгүй” гэж хариулсан байна.
Судалгааны үр дүнд тодорхой болсон бас зүйл нь үе тэнгийнхний ялгаварлан гадуурхалт, дээрэлхэлт аж. Жишээ нь, гурван сурагч тутмын нэг нь сургууль дээрээ үе тэнгийнхний дээрэлхэлтэд өртдөг гэжээ. Ялангуяа хүүхдүүд цахим дээрэлхэлтэд өртөх тохиолдол түгээмэл байна. Тодруулбал, таван эмэгтэй суралцагч тутмын нэг нь ийм дээрэлхэлтэд өртсөн. Мөн долоон эрэгтэй сурагч тутмын нэг нь цахим дээрэлхэлтийн хохирогч болжээ. Сурагчдын талаас илүү буюу 56.8 хувь нь нийгмийн сүлжээ, интернэтээс мэдээлэл авдгийг дээрх судалгаагаар тодорхойлжээ.
Түүнчлэн эцэг, эх, асран хамгаалагчдын хүүхдэдээ тавих хараа хяналт сул байгааг судалгааны дүнд тогтоосон гэнэ. Тухайлбал, хоёр сурагч тутмын нэг нь өөрийнх нь асуудал, санаа зовнилыг эцэг, эх, асран хамгаалагчид нь ойлгодоггүй гэжээ. Мөн гурван суралцагч тутмын нэгийнх нь эцэг, эх, асран хамгаалагч сүүлийн нэг сар хүүхдээ чөлөөт цагаараа юу хийснийг нь огт мэдээгүй байжээ.
Бэлтгэсэн М.Оч