Өвөлжилт хүндэрч, идэш тэжээл хомсодсоны улмаас зэрлэг амьтад хотын суурьшлын бүсэд орж ирэх нь элбэгшсэнийг нийслэлийн Байгаль орчны газраас мэдээлэв. Өдгөө Баянзүрх, Сүхбаатар, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт халиун буга, бор гөрөөс, цагаан зээрийн сүрэг байршиж байгаа гэнэ. Дээрх газрын мэргэжилтнүүд байгаль хамгаалагчидтай хамтран нийслэлийн нутаг дэвсгэрт идээшин, нутаглаж байгаа амьтдыг тогтмол хянаж, ажиглалт, мониторинг хийн, биотехникийн арга хэмжээ тогтмол зохион байгуулж буй аж. Амьтдыг өөрийн зөнгөөрөө нүүдэл, шилжилт хөдөлгөөн хийх хүртэл үргээхгүй, хэт ойртохгүй, айлгаж цочоохгүй, нохойгоо сул тавихгүй байхыг байгаль орчны мэргэжилтнүүд алслагдсан дүүрэг, хороодын иргэдэд анхааруулав.
Хот орчмын бүсэд орж ирсэн, бэртэж гэмтсэн амьтантай таарвал ажлын цагаар нийслэлийн Байгаль орчны газрын 11-323780, бусад үед Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсанд мэдээлэл өгөхийг иргэдэд зөвлөлөө. Ингэснээр байгаль орчны мэргэжилтнүүд амьтдад шаардлагатай тусламж, үйлчилгээг үзүүлж, хяналтдаа авах боломж бүрдэх юм байна.
Ташрамд дурдахад, Говь Гурвансайханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааныхан өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан Өмнөговь аймгийн Булган, Сэврэй сумын нутаг дахь Баруун сайхан уулыг хамарсан зургаан цэгт туруутан амьтдад зориулж 120 боодол өвс байршуулжээ. Мөн Тост, Тосон бумбын нурууг хариуцсан захиргааныхан байгаль хамгаалах нөхөрлөлийн идэвхтэн байгаль хамгаалагчидтай хамтран Бага хар, Дунд бар зэрэг зэрлэг амьтад нутагладаг газарт 20 боодол өвс, долооц тавьсан байна.