Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан Батлан хамгаалах бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийг анги, салбаруудад сурталчлах хүрээнд Батлан хамгаалахын ерөнхий хянан шалгагч бригадын генерал Ж.Болдбаатараар ахлуулсан ажлын хэсэг энэ сарын 28-29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий болон Сагсай суманд ажиллаа.
Баян-Өлгий аймгийн засаг дарга А.Камелият, ЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Д.Ербол, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, батлан хамгаалахын хууль тогтоомж, бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийн талаар санал солилцоо. Түүнчлэн ажлын хэсэг Зэвсэгт хүчний 331, 340 дүгээр анги ажиллаж, ангиудын захирагч нар өөрсдийн ангийн үйл ажиллагаа, дэвшүүлсэн зорилго зорилт, бэлэн байдал, сургалт бэлтгэл, хийж хэрэгжүүлсэн болон цаашид төлөвлөсөн ажил, тулгамдаж буй асуудлуудаа уламжилжээ.
Ангиуд сургалт бэлтгэлийг улам чанаржуулж, сахилга хариуцлагыг дээшлүүлэхийн зэрэгцээ өөрсдийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан засвар, тохижилтын ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна. Мөн офицер, ахлагч болон хугацаат цэргийн алба хаагчдын хувь хүний хөгжил боловсролын асуудалд анхаарч ажиллаж байгаагаа ангиудын удирдлагууд илэрхийллээ. Үүний дараа Зэвсэгт хүчний 331, 340, 325 дугаар ангийн 116 дугаар тусгай салбарын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, Батлан хамгаалах салбарт 2020-2024 онд хэрэгжиж буй бодлого, үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаар танилцууллаа. Тухайлбал, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого” болон томоохон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Барилга-инженерийн цэргийн үүрэг оролцоо өндөр байгаа төдийгүй Зэвсэгт хүчин бүтээн байгуулагч салбар болсон гэдгийг онцоллоо.