Прокурорын байгууллага 2024 оны 1 дүгээр сарын 22-ноос 26-ны өдрүүдэд 216 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж шийдвэрлэсэн байна.
Тодруулбал, Эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг 101, Өмчлөх эрхийн эсрэг 75, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 15, Хүний амьд явах эрхийн эсрэг 8, Хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 7, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах 2, Авлига, албан тушаалын 2, Үндэсний эв нэгдлийг бусниулах 1 хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн зарим хэргээс дурдвал:
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас иргэн А.О нь өөрийн бага насны хүүхдийг 2023 оны зургадугаар сард “GS25” сүлжээ дэлгүүрт, есдүгээр сард “Ө” нэртэй зочид буудалд тус тус хаяж, асран хамгаалах, харгалзан дэмжих үүргээсээ зайлсхийсэн гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 16.3 дугаар зүйлийн 1 /Хүүхдийг хаях, төөрүүлэх, тэнүүчлэлд хүргэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн тус дүүрэг дэх эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.