Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж буй төрийн болон хувийн хэвшлийн сургуулиудад Хүний эрхийн үндэсний комисс (ХЭҮК)-ын гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсгийнхэн хяналт шалгалт хийжээ. Үүний хүрээнд Улаан-Уул сумд хүүхдүүдийн сурч боловсрох эрх зөрчиж байгааг илрүүлсэн байна. Тус сумын сургуулийн барилгыг шинэчлэх ажлыг 11 жилийн өмнө буюу 2013 онд эхлүүлсэн аж. Гэсэн ч өдий хүртэл ашиглалтад оруулалгүй “царцаажээ”. Энэ нь хүүхдийн сурч боловсрох эрхийг зөрчлөө гэсэн гомдол хүлээн авсны дагуу ХЭҮК-ынхон газар дээр нь ажилласан гэнэ.
Сурагчид өдгөө хичээллэж буй сургууль нь 1963-1988 онд ашиглалтад оруулсан, нийт таван барилга байгууламжтай гэнэ. Тэдгээрт 870 хүүхэд хоёр ээлжээр суралцдаг аж. Сургуулийн хичээлийн болон дотуур байр нь стандартын шаардлага хангадаггүй, бүх өрөөг ил зуухаар галлаж халаадаг юм байна. Мөн сурагчдын ширээ, сандал, самбар зэрэг нь бүгд хуучирч муудан, эвдэрчээ. Тиймээс сургуулийн барилга, дотуур байрыг нэн яаралтай барьж, ашиглалтад оруулах шаардлагатай гэж ХЭҮК-оос дүгнэв. Цаашид уг асуудлаар эрх бүхий байгууллагаас тодруулга, мэдээлэл авч, хүүхдийн эрхийг хамгаалахын төлөө шаардлагатай бүх арга хэмжээг хэрэгжүүлэхээ комиссын гишүүн Ж.Хунан илэрхийллээ.
Бэлтгэсэн М.Оч