Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга Р.Батрагчааг Ерөнхийлөгчийн хууль зүйн бодлогын зөвлөхөөр томилжээ. Тэрбээр 1999 онд “Отгонтэнгэр” их сургуулийг олон улсын эрх зүйч мэргэжлээр төгсөж, 2002 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд магистрын зэрэг хамгаалсан байна. Р.Батрагчаа нь 1999- 2000 онд Сэлэнгэ аймгийн Зүүнхараа дахь Сум дундын прокурорын газарт хяналтын прокурор, 2001-2003 онд “Түшээ” дээд сургуульд багш, 2005-2006 онд Их Британийн “Берримен” хуулийн фирмд туслах хуульч, 2007- 2008 “Датамо”, “Кью жи экс Монгол” ХХК-д хуульч, 2008- 2009 онд “Монголиан энд глобал лоёорс”, 2010-2014 онд “Эй энд Эй глобал” хуулийн фирмийн захирал, 2016-2019 онд “Төрийн орон сууцын корпорац” ТӨҮГ-ын Захиргаа, санхүүгийн газрын дарга, 2019-2020 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга, 2020-2022 онд Эрчим хүчний яамны Төрийн захиргааны удирдлагын газрын даргаар ажиллаж байгаад 2022 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн даргаар томилогдсон аж. Төрийн тэргүүний хууль зүйн бодлогын зөвлөхөөр ажиллаж байсан А.Бямбажаргал нь ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга болсон билээ.
Түүнчлэн Төрийн албаны зөвлөлийн даргаар Л.Цэдэвсүрэнг сонгосон байна.
Бэлтгэсэн Б.Уран