Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд хий тээвэрлэж явсан автомашин осолдож, улмаар дэлбэрснээс болж олон хүн хохироод буй билээ. Хохирсон иргэдийн төлөөлөл энэ сарын 27-нд мэдээлэл хийв. Тэд “Ослын улмаас амиа алдсан онцгой байдлын алба хаагчдад эмгэнэл илэрхийлье. Манай байрныхан ослын үед хүлээцтэй, зохион байгуулалттайгаар 15-20 минутад гарч амжсан. Гэр бүлийнхнээ гадаа гаргачхаад, өндөр настан, хүүхэд, эмэгтэйчүүдэд тусалсан залуусдаа баярлалаа. Энэхүү харамсалтай явдлын бурууг дэлбэрсэн автомашины жолоочид тохох хэрэггүй. Учир нь уг осол манай улсад стандарт хэрэгждэггүй байдлаас үүдсэн гамшигт үзэгдэл. Дэлбэрэлтийн улмаас хүүхдүүдийн сэтгэл зүй маш их цочирдсон. Бид амьдрах орон байр, аюулгүй байдлаараа хохирлоо. Даатгалын компаниудын нөхөн олговортой холбоотой шийдвэрийг нь хүлээж байна. Түрээслэх байрны төсвийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болсон. Түүнчлэн байрыг засварлах боломжтой гэж дүгнэвэл нийслэлийн Онцгой байдлын газраас төсөв гаргах шийдвэрийг албаныхан танилцуулсан. Харин манай 26 дугаар хорооноос сонгогдож, УИХ-ын гишүүн болсон хүмүүс бидэнтэй уулзаж, санал, хүсэлтийг минь сонсохгүй, чимээгүй байгаад гомдолтой байна” гэсэн юм.
ХЭҮК-ынхон энэ сарын 27-нд оршин суугчдын төлөөлөлтэй уулзаж, санал хүсэлтийг хүлээн авчээ. Иргэдийн зүгээс төрийн эрх бүхий байгууллагаас тухайн асуудалтай холбоотой явуулж буй үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавин ажиллахыг хүссэн байна. Мөн хөрөнгийн үнэлгээ хийх зардлыг хохирогч нараас бус, өөр эх үүсвэрээс шийдвэрлэхийг хүсжээ.
Хий дэлбэрсний улмаас түлэгдэж, гэмтсэн, 19-60 насны 14 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан. Харамсалтай нь, тэднээс нэг хүн энджээ. Түүний биеийнх нь 80-90 хувь нь түлэгдэн, ГССҮТ-ийн Түлэгдлийн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлж байсан аж. Нас барсан хүн 19 настай бөгөөд ослын үед машиндаа галд өртжээ. Өчигдрийн байдлаар ГССҮТ-д нэг иргэний биеийн байдал туйлын хүнд байв. Мөн дөрвөн хүний биеийн байдал маш хүнд, найман иргэн хүндэвтэр гэсэн оноштойгоор эмчлүүлж байлаа.
Бэлтгэсэн А.Тэмүүлэн