Засгийн газрын 349 дүгээр тогтоолоор Өмнөговь аймгийн Гашуунсухайт хилийн боомтын 66 га талбайд жилд 10 сая тонн нүүрс экспортлох Автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалыг 92 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар барьж байгууллаа. Тус терминалын зам, талбай бусад барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажилд үндэсний 160 гаруй аж ахуй нэгж болон Зэвсэгт хүчний Барилгын Инженерийн удирдах газрын анги нэгтгэлийн нийт 1200 инженер техникийн ажилтнууд 360 орчим нэгж техниктэйгээр жилийн хугацаанд барьж байгуулан 2023 оны 11 дүгээр сард ашиглалтад оруулав.
Энэ нь Монгол Улс олон төрөлт ачаа тээврийг хөгжүүлэх, хил дамнасан тээврийг шинэ шатанд гаргах чухал эхлэлийг тавьсан алхам боллоо. Мөн Нарийн сухайтын бүлэг ордоос нүүрс олборлогч 8 аж ахуйн нэгжийн хамтарсан “Шивээхүрэн терминал” ХХК нь Шивээхүрэн боомтод автомат удирдлагатай чингэлэг тээврийн терминалыг барьж байгуулан ашиглалтад оруулаад байна. Төлөвлөсөн ажлууд хэрэгжиж дууссанаар Шивээхүрэн боомтын нэвтрүүлэх хүчин чадал дөрөв дахин нэмэгдэж жилдээ 40 сая тонн нүүрс экспортлох боломж бүрдэнэ гэж тооцож байгаа юм.
Монгол Улсын Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-д Арцсуурь, Нарийнсухайт-Шивээхүрэн чиглэлийн шинэ төмөр замын сүлжээ байгуулах, Шивээхүрэн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ачаа тээврийн терминал байгуулах төслүүд багтсан. Энэ ажил эхнээсээ хэрэгжиж орчин үеийн технологи бүхий ачаа тээврийн терминал Шивээхүрэн боомтод ашиглалтад орлоо.