Сар шинийн баяр хаяанд ирсэнтэй холбоотойгоор нийслэлийн хэд хэдэн байршилд үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байна. Тухайлбал, Тусгаар тогтнолын талбайд “Архангайн цагаан идээ” үзэсгэлэн худалдаа явуулж буйг бид өмнө нь мэдээлсэн. Эл арга хэмжээ ирэх сарын 5 хүртэл үргэлжлэх юм. Тэгвэл өөр хаана, ямар онцлогтой үзэсгэлэн болж буйг хүргэе.
ХОЁР ДАХЬ УДААГИЙН “АМАР БАЙНА УУ”
Улаанбаатарт болж буй хамгийн том үзэсгэлэн худалдаа нь хоёр дахь удаагийн “Амар байна уу”. “Шинэ зуун айл” төвд нээсэн уг арга хэмжээнд есөн дүүрэг, 21 аймгийн 2000 орчим иргэн, аж ахуйн нэгж оролцож буй юм. Тэд 20 000 орчим нэр, төрлийн бараа, бүтээгдэхүүн борлуулж байгаа гэнэ. Өнгөрсөн жил эл худалдааг анх явуулахад иргэн, аж ахуйн нэгжүүд нийт 48.9 тэрбум төгрөгийн орлого олжээ. Тэгвэл энэ онд түүнээс ч илүү орлого олох болов уу гэсэн хүлээлттэй байгаагаа зохион байгуулагч нийслэлийн ЗДТГ-аас мэдээлсэн. Тус үзэсгэлэн худалдаа ирэх сарын 9 хүртэл өдөр бүр 09.00-20.00 цагт үргэлжилнэ.
120 ГАРУЙ ИРГЭН, АЖ АХУЙН НЭГЖ НЭГДЖЭЭ
“Хүннү шоппинг молл”-ын экспогийн танхимд энэ сарын 13-наас Цагаан сарын үзэсгэлэн худалдаа нээжээ. Ирэх сарын 8-ныг дуустал зохион байгуулах уг арга хэмжээг дээрх дэлгүүрийнхэн Төрийн банктай хамтран зохион байгуулж буй гэнэ. Иргэд сар шинийн баяртаа бэлтгэхийн зэрэгцээ дээрх банкнаас үйлчилгээ авах боломжтой аж. Үзэсгэлэн худалдаанд 120 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож байна. Оролцогчдыг сонгохдоо ихэвчлэн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг хамруулах зорилго тавьснаа “Хүннү шоппинг молл”-ынхон онцоллоо. Жижиг, дунд бизнес эрхлэгчдээс гадна АПУ, “Өгөөж”, МCS зэрэг томоохон үйлдвэрлэгч ч бараа, бүтээгдэхүүнээ танилцуулж, борлуулж байгаа гэнэ.
ҮНДЭСНИЙ БОЛОН ИМПОРТЫН БАРАА, БҮТЭЭГДЭХҮҮН БОРЛУУЛЖ БАЙНА
“Мишээл экспо” төвд сар шинийн баярт зориулсан үзэсгэлэн худалдаа жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. Энэ удаагийн “Цагаан сар” үзэсгэлэнг тус төвд өнгөрсөн долоо хоногт нээжээ. Ирэх сарын 9-нийг дуустал үргэлжлэх эл арга хэмжээний үеэр үндэсний үйлдвэрийн болон импортын хүнс, бараа борлуулж байгаа аж. Үүнд 100 гаруй иргэн, аж ахуйн нэгж оролцож, сар шинийн баяртаа бэлтгэхэд шаардлагатай бүхий л төрлийн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авагчдад санал болгож байгааг “Мишээл экспо” төвөөс мэдээлсэн. Тэдгээрийг сонирхохыг хүсвэл өдөр бүр 10.00-20.00 цагт дээрх төвийг зорьж болох нь.
САР ШИНИЙН БЭЛГИЙГ ОНЦЛОВ
Сонгинохайрханы ЗДТГ-аас тус дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг “Улаанбаатар экспо” төвд Цагаан сард зориулсан үзэсгэлэн худалдаа нээжээ. Сар шинийн баярт зориулсан бэлгийн өргөтгөсөн худалдаа гэдгээрээ энэ нь онцлогтой юм байна. Тиймдээ ч “Монгол баяр, монгол бэлэг” хэмээн нэрлэсэн аж. Үүнд 21 аймаг, есөн дүүргийн жижиг, дунд бизнес эрхлэгчид оролцож байгаа бөгөөд голчлон гар урлалын, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүн борлуулж буй гэнэ. Эл үзэсгэлэн худалдаа ирэх сарын 9-нийг дуустал үргэлжлэх нь.