Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт уржигдар гарсан осолтой холбоотойгоор онцгой байдлын алба хаагчдын хувцас, хэрэглэл хангалтгүй байгаа талаар иргэд шүүмжлэх болсон. Үүнтэй холбоотойгоор ОБЕГ-ынхан өчигдөр тайлбар өглөө. Улсын төсвөөс хуваарилсан хөрөнгө хангалттай хүрэлцдэггүй учраас алба хаагчдад шаардлагатай хувцас, хэрэглэлийг бүрэн авч чаддаггүйг ОБЕГ-ын Санхүү, ар талын газрын дарга, хурандаа Я.Гантөмөр энэ үеэр хэлсэн юм. Тэрбээр “Алба хаагчдын хувцас, хэрэглэлийг улсын төсөвт тавьсан хөрөнгийн хэмжээгээр авдаг. Хувцас, хэрэглэлийн стандарт гэж бий. Өндөр үнэтэй, чанартай хувцас авч болно. Гэхдээ өндөр үнээр худалдан авахаар тоо нь цөөрдөг тал бий.
Тийм учраас Монгол орны цаг агаарт тохирсон, боломжийн үнэтэй хувцас, хэрэглэл авахыг зорьдог. Онцгой байдал нь төрийн цэргийн байгууллага. Тиймээс төсөв, хүч, хэрэгслийн мэдээлэл нь төрийн болон албаны нууцад хамаардаг. Өнгөрсөн оны 7-8 дугаар сард үер болоход Улсын онцгой комисс, Засгийн газраас Онцгой байдлын байгууллагын техник, хувцас хэрэглэлийг нэмэгдүүлэх тогтоол гаргасан. Үүний хүрээнд улсын төсвийн 15 тэрбум төгрөгөөр тусгай зориулалтын хувцас хэрэглэл, техник, тоног төхөөрөмжийг энэ жил худалдан авна. Тусгай зориулалтын усны хувцас нь өндөр үнэтэй. Тиймээс дөрвөн аврагч тутмын нэг нь усны хувцастай” гэлээ. Шадар сайд С.Амарсайхан ч уржигдар “Онцгой байдлын дөрвөн алба хаагч тутмын гурав нь ажлын хувцасгүй гал, ус руу орж байна” хэмээн ярьж байв. Гэтэл ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд харин нийт алба хаагчийн 80 хувь нь түймрээс хамгаалах иж бүрэн хувцастай гэж өчигдөр мэдээлэв. Албаныхны хэн нь үнэн яриад байгаа нь мэдэгдэхгүй байна.
Бэлтгэсэн М.Оч