“ДЦС-4” 1400 гаруй ажиллагсадтай бөгөөд инженер, техникийн 298 ажилтантай аж. Үүнээс 60 орчим хувийг нь 35-45 насныхан эзэлж буй гэнэ. Гэвч 2022 оноос хойш мэргэжилтнүүд ажлаас гарах нь нэмэгджээ. Энэ нь боловсон хүчний хомсдолд орох аюул учруулж болзошгүйг ЭХЯ-наас мэдээлэв. Тэнд 30 гаруй жил ажилласан ахмад мэргэжилтнүүд тэтгэвэртээ гарахад 35-45 насныхан үргэлжлүүлэн ажиллаж, дараа үеийн залуустаа ажлаа хүлээлгэн өгөх үүрэг хүлээх учиртай. Гэвч ийм нөхцөл үүсээд байгааг “ДЦС-4”-ийн инженер Д.Тулга хэлжээ.
Тус станцын Механик цехийнхэн тоноглолуудад шаардлагатай сэлбэг эд, ангийг өөрийн орны нөхцөлд тааруулан технологийн дагуу засварлаж, бэлтгэл хангадаг байна. Эд ангиуд чанартай байх, эсэх нь дээрх цехээс шалтгаалдаг гэсэн үг. Д.Тулга “Энд 1983 онд суурилуулсан насос бий. Экранаас бүрдсэн тоног төхөөрөмжийг зуух гэж нэрлэдэг. Бид одоо шинээр экран хийж байгаа. 40 жил болсон тоноглол ч бий. Засаж сэлбээд, зарим тоноглолоо шинээр хийгээд явж буй хэрэг. Орос, Хятадаас авчирсан, шаардлага хангасан материалуудаар өөрсдөө үйлдвэрлэж байгаа. Бид 140 атмосферийн агаарын даралттай, 560 градусын температуртай тоног төхөөрөмжийг ажиллуулж байна. Шугам хоолойн гагнуур, угсралтыг хийж буй ажилчдын ур чадвар мэдээж өндөр. Тиймээс ажилчдаа алдахыг хэн хүсэх билээ” гэжээ.
Бэлтгэсэн Б.Сонор