2023 он дэлхийн түүхэн дэх хамгийн халуун, уур амьсгалын өөрчлөлтөөс үүдэлтэй олон гамшиг, осол тохиосон жил болсныг олон улсын цаг уурын байгууллагууд мэдээлээд буй. Тэгвэл Монгол орны уур амьсгал, цаг агаар өнгөрсөн онд ямар байсныг Ус, цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс тоймлон танилцуулав. Дэлхийн агаарын дундаж температур өнгөрсөн онд 1.46 хэмд хүрсэн бол Монгол орных 1.3 градус байсан аж. Энэ нь уур амьсгалын өөрчлөлт харьцангуй сул илэрч байсан 1961-1990 оны дундаж үзүүлэлтээс 1.9 градусаар дулаан, сүүлийн 83 жилийн түүхэн дэх хамгийн халуун долоон оны нэг болжээ. Тодруулбал, 1940 оноос хойш тохиосон долоо дахь халуун жилээр өнгөрөгч он “тодорчээ”. Жилийн дундаж температурыг орон зайн бүсчлэлээр нь авч үзвэл говийн өмнөд хэсэг болон Алтайн өвөр говиор 6.5-10.5, тал хээрийн бүс, Их нууруудын хотгор орчмоор 2.5-6.5 градус дулаан байж. Харин Хөвсгөлийн өндөр уулс, Хангайн нуруу, Дархадын хотгор орчмоор 3.5-7.5, бусад нутгаар 1.5-2.5 градус хүйтэн байсан гэнэ. Тэгвэл өвлийн улиралд нийт нутгийн 47.8 хувьд нь олон жилийн дунджаас 1-3 градусаар дулаан, 53.7 хувьд дунджийн орчим байжээ.