Монголын аялал жуулчлалын холбооныхон Хустайн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран энэ сарын 26-нд аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарынхны дунд “Эрүүл агаар-туризм тайм” цасны баяр зохион байгуулахаар болжээ. Энэхүү арга хэмжээ нь аялал жуулчлалын салбарынхны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой юм байна. Мөн төвийн бүсийн аяллын гол маршрутад багтдаг Хустайн нурууг салбарын мэргэжилтнүүдэд илүү сайн таниулан сурталчлахыг зорьж буй гэнэ. Цасны баярын үеэр спортын тэмцээн, уралдаан, хөгжөөнт тоглоомууд явуулахаас гадна тахь, буга үзүүлэх хээрийн аялал, мэдээ, мэдээлэл солилцох уулзалт, аяны хэрэгсэл танилцуулах үзэсгэлэн зохион байгуулахаар төлөвлөжээ.
Бэлтгэсэн И.Мишээл