Өнөөдөр зохион байгуулахаар товлосон нийслэлийн ИТХ-ын ээлжит XXI хуралдааныг түр хойшлуулахаар болжээ. Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт гарсан ослын хор уршгийг арилгах, тусламж үзүүлэх, сэргээн босгох ажлыг нийслэлийн Онцгой комисс болон нутгийн захиргааны холбогдох байгууллагууд зохион байгуулж, бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж буй тул ийнхүү шийдвэрлэснийг ИТХ-ын дарга Ж.Батбаясгалангийн захирамжид дурдсан байна. Улаанбаатар хотын иргэдийн өдөр тутмын амьдралд чухал нөлөөтэй есөн журмыг батлах, эсэхийг дээрх хуралдаанаар шийдвэрлэхээрээ онцлогтой байв. Тодруулбал, нийтийн тээврийн хэрэгслээр зорчих үнэ, авто зогсоолын төлбөр, тээврийн хэрэгслийн албан татвар зэргийг нэмэх, эсэхийг хэлэлцэхээр төлөвлөсөн. Мөн автомашины дугаар олгох тооны дээд хязгаарыг тогтоохоор байсан юм. Эл хуралдааныг тодорхойгүй хугацаагаар буюу ослын хор уршгийг арилгах хүртэл хойшлуулжээ.
Ташрамд дурдахад, ИТХ-аар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн зарим асуудал, ялангуяа автомашины дугаар олгох тоонд хязгаарлалт тогтоох журам нь тооцоо судалгаагүй, захиргаадсан шинжтэй гэж ХҮН намын бүлгийнхэн эсэргүүцэж буй билээ. Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Улаанбаатар хотод олгох автомашины дугаарын дээд хэмжээг 730 000- аар хязгаарлах журмын төслөө буцаан татахыг тус намынхан шаардсан юм.
Бэлтгэсэн М.Оч