АНУ-ын Колорадогийн их сургууль “Монголын эзэнт гүрэн” сэдэвт хичээлээр хөтөлбөрөө баяжуулжээ. Ингэснээр Монгол орон болон монголчуудын түүхийг судлах сонирхолтой оюутан, залууст энэ чиглэлээр хичээл үзэх боломж бүрдсэн байна.
Тус сургууль хөтөлбөртөө шинэ хичээл багтаасантай холбоотойгоор Монголын зарим судлаач, мэргэжилтнийг зочин лектороор хичээл заах санал тавьж эхэлсэн гэнэ. Жишээлбэл, Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын захирал, шинжлэх ухааны доктор У.Тунгалагт ийм санал тавьж, орчин үеийн монголчуудын аж амьдрал, хандлага, сэтгэлгээний онцлогийн талаар мэдлэг, мэдээллээсээ хуваалцахыг хүсжээ. Ташрамд дурдахад, Колорадогийн их сургууль нь улсынхаа инновац, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулдаг зургаан их сургуулийн нэгт тооцогддог бөгөөд сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд манай орны боловсролын байгууллагуудтай судалгаа, эрдэм шинжилгээний чиглэлээр хамтран ажиллаж буй аж.
Бэлтгэсэн И.Мишээл